Complaint
“Цахим технологийн эриний хүний эрхийн асуудлууд” сургалтыг Австралийн Холбооны Улсад зохион явууллаа

“Цахим технологийн эриний хүний эрхийн асуудлууд” сургалтыг Австралийн Холбооны Улсад зохион явууллаа

2023.10.13 932
Listen

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Флиндерсийн их сургуультай хамтран Австралийн Холбооны Улсын Засгийн газрын санхүүжилтийн дэмжлэгээр “Цахим технологийн эриний хүний эрхийн асуудлууд” сургалтыг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 08-ны өдөр зохион явууллаа.


Сургалтад Хүний эрхийн Үндэсний Комисс болон УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ-ын Хүний эрхийг хангах үндэсний хорооны ажлын алба, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Цагдаагийн ерөнхий газар, “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” ТББ-ын 15 алба хаагч хамрагдаж, Австрали Улсын Аделайд, Канберра, Сидней хотуудад ажиллалаа.

Хүний эрхийн орчин үеийн асуудлууд, түүний дотор дижитал технологийн эрин үед тулгамдсан хүний эрхийн асуудлыг Австрали Улс хэрхэн зохицуулж, даван туулж байгаа туршлагыг танин мэдэх, хүний эрхийг хамгаалах байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах зорилготой энэхүү сургалтын хөтөлбөрийг Флиндерсийн их сургууль, Австралийн үндэсний их сургууль, Маккуари их сургуулиудыг түшиглэн хэрэгжүүлж, тус улсын тэргүүлэх эрдэмтэд, хүний эрхийн зүтгэлтнүүд сургалтын үйл ажиллагааг хөтлөн явуулсан юм.

Сургалтын хөтөлбөр дараах агуулгатай байв. Үүнд: 

  • Аделайдын их сургуулийн профессор, доктор Лаура Гренфелл “Баривчлан саатуулах нөхцөл байдал Австрали Улсад”
  • Өмнөд Австрали мужийн Омбудсмений газрын менежер, доктор Бенжамин Аутерс “Төрийн үйл ажиллагаанд тавих хүний эрхийн хяналт”
  • Флиндерсийн их сургуулийн ахлах багш, доктор Санжуан Гуо “Бизнес ба хүний эрх”
  • Флиндерсийн их сургуулийн багш, доктор Жеймс Шайбнер “Машин cуралцахуй ба хүний эрхийн асуудал”
  • Флиндэрсийн их сургуулийн ахлах багш Роберт Чалмерс “Хиймэл оюун ухаан, тоон технологи ба хүний эрх”
  • Флиндерсийн их сургуулийн декан, доктор Тания Лейман “Секс тоглоомууд ба хүний хувийн мэдээлэл”
  • Флиндерсийн их сургуулийн профессор, доктор Маринелла Мармо “Орчин үеийн боолчлол ба гиг эдийн засаг”
  • Флиндерсийн их сургуулийн багш, доктор Рован Николсон “Австралийн Уугуул иргэд ба үндэстний цөөнхийн эрх, тусгаар тогтнол”
  • Флиндерсийн их сургуулийн профессор, доктор Хоссэйн Есмаэйли “Уур амьсгалын өөрчлөлт, ногоон эрчим хүч, хүрээлэн буй орчны асуудлууд”, “Далайд гарцгүй улсад хамаарах олон улсын эрх зүйн зохицуулалт, боломж”
  • Флиндерсийн их сургуулийн Цахим технологи ба аюулгүй байдлын Жефф Блэйч төвийн судлаач, доктор Катрин Робинсон Хасани “Сансар огторгуй ба хүний эрх”
  • Өмнөд Австрали мужийн Засгийн газрын Мэдээлэл, шинжилгээний хэлтсийн гүйцэтгэх захирал Петер Вортингтон Эйре: “Бодлогын хэрэгжилт: Мэдээллийг хамгаалахад Засгийн газрын оролцоо”
  • Өмнөд Австралийн Засгийн газрын Хүнд үйлчлэх судалгааны хэлтсийн захирал Хэнри Фаро “Төрийн байгууллагууд хүний эрхэд суурилсан шийдвэр гаргах нь”
  • Өмнөд Австрали мужийн Хүүхдийн эрхийн комиссар Хелен Конолли, “Цахим эринд хүүхдийн эрхийг хамгаалах нь”
  • Австралийн Нийслэлийн захиргааны Хүний эрхийн комиссын ерөнхийлөгч, доктор Хелен Ватчирс “Хүний эрхийн Комиссын үйл ажиллагаа”
  • Австралийн үндэсний их сургуулийн профессор Катрин Хенне, “Цахим эринд хүний эрхэд суурилсан хөгжил”
  • Австралийн үндэсний их сургуулийн профессор, доктор Жон Брайтвайте “Нөхөн сэргээх байдлаар шударга ёсыг тогтоох нь”
  • Австралийн үндэсний их сургуулийн судлаач, доктор О.Учралт “Хиймэл оюун ухааны технологийг Монгол хэлний боловсролд ашиглах нь”
  • Нью Саут Уэльс их сургуулийн профессор, доктор Эндрю Бюрнс “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон ахмад настны хүний эрхийн асуудал”
  • Сиднэйн Технологийн их сургуулийн ахлах багш, доктор Жорж Тиан “Технологи ба оюуны өмчийн асуудал”
  • Маккуари их сургуулийн ахлах багш, доктор Кристоф Спэрпэйлд “Технологи ба дүрвэгсдийн асуудал”
  • Маккуари их сургуулийн ахлах багш, доктор Эстер Эрлингс “Цахим эринд хүүхдийн эрхийг хамгаалах нь”
  • Өмнөд Австралийн их сургуулийн профессор, доктор Сулетте Ломбард “Шүгэл үлээгчдийг хамгаалах нь ”
  • Ази Номхон далайн бүсийн хүний эрхийн үндэсний байгууллагын чуулганы Хүний эрх хамгаалагч болон иргэний орон зайн төслийн менежер Фияа Хамид-Валкер “Цахим эринд хүний эрх хамгаалагчийг хөхиүлэн дэмжих нь” зэрэг хичээлүүдийг хөтлөн явууллаа.

Австралийн Төрийн захиргааны институтээс “Тоон өгөгдөл дэх эрхийн асуудал: Цахим эринд хүний эрхийн үйл хэргийг хөтлөн явуулах нь” форумыг 09 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус сургалтад оролцогчдод зориулан зохион байгуулсан юм.

Сургалтад оролцогчид Австрали Улсын хүний эрхийг хамгаалах байгууллагуудтай ажил хэргийн уулзалт хийж, зарим байгууллагуудад зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Энэ хүрээнд Австралийн Нийслэлийн захиргааны Хүний эрхийн Комиссын ерөнхийлөгч Хелен Ватчирс, Австралийн (Холбооны) Хүний эрхийн Комиссын гишүүн, доктор Лорэйн Финлэй, Гадаад харилцаа, худалдааны яамны Хүний эрхийн элчин сайд Бронте Мулес болон Хууль зүйн яамны Хүний эрхийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Петра Гартман тэргүүтэй удирдах албан тушаалтнууд, Өмнөд Австрали мужийн Засан хүмүүжүүлэх департментийн гүйцэтгэх захирал Дарифард-Байли нартай албан уулзалт хийлээ.

Түүнчлэн Австралийн үндэсний их сургуулийн Монголын хүрээлэн, Өмнөд Австрали мужийн хаалттай дэглэмтэй Ятола, нээлттэй дэглэмтэй Мобилонг хорих ангиуд, гэр бүлийн хохирогчийг хамгаалах байр, ахмад настны асрамжийн газарт сургалтад оролцогчид зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.

Сургалтад оролцогчдыг Өмнөд Австрали мужийн захирагч, хатагтай Францэс Адамсон, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайд Д.Даваасүрэн нар хүлээн авч, ажил хэрэгч яриа өрнүүлсэн нь онцлог үйл явдал боллоо.

Сургалтын үр дүнг дүгнэх, сургалтаас олж авсан мэдлэгийг сургалтад оролцогчид хэрхэн нэвтрүүлж, ашиглаж байгааг хэлэлцэх зорилготой симпиозумыг Хүний эрхийн Үндэсний Комисс, Флиндерсийн их сургууль хамтран 2024 оны 01 дүгээр сард зохион явуулна.

Ташрамд дурдахад, Флиндерсийн их сургууль нь 1966 онд байгуулагдсан Өмнөд Австрали мужийн Аделайд хотод байрладаг, 26 мянга гаруй оюутантай. Бизнес, бүтээлч урлаг, олон улсын харилцаа, улс төр, боловсрол, инженерчлэл, байгаль орчин, хүмүүнлэгийн ухаан, мэдээллийн технологи, нийгмийн ухаан, хууль эрх зүй, анагаах ухаан, сувилахуй, сэтгэл судлал, нийгмийн эрүүл мэнд зэрэг чиглэлээр бакалавр, магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлдэг 6 салбар сургуультай их сургууль юм.