Гомдол
Ажлын байрны бэлгийн дарамтын талаарх ойлголт, мэдлэгийг олон нийтэд түгээхийг сэтгүүлчдэд УРИАЛЛАА

Ажлын байрны бэлгийн дарамтын талаарх ойлголт, мэдлэгийг олон нийтэд түгээхийг сэтгүүлчдэд УРИАЛЛАА

2023.10.07 923
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комисс, “Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх иргэний нийгмийн байгууллагуудын эвсэл”-тэй хамтарч НҮБ-ын Хүн Амын сангийн дэмжлэгтэйгээр “Ажлын байр-Бэлгийн дарамтгүй орчин” аяныг 2023 оны 10 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд зохион байгуулж байна.

Тус аяны зорилго, ач холбогдлыг Комиссын дэргэдэх “Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын гишүүн сэтгүүлчдэд танилцуулах, ажлын байрны бэлгийн дарамтын талаарх мэдлэг, ойлголт олгох уулзалт, сургалтыг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа. 

Уулзалт, сургалтаар ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул "Ажлын байрны бэлгийн дарамт: Хууль тогтоомжийн хэрэгжилт, гомдол мэдээлэл шийдвэрлэлт, цаашид анхаарах асуудал" сэдвийн хүрээнд ажлын байрны бэлгийн дарамтын өнөөгийн нөхцөл байдал, энгийн харилцаанаас ялгаатай байдал, илрэх шинж, үүнээс урьдчилан сэргийлэх арга зам, Комиссоос энэ төрлийн гомдол мэдээллийн шийдвэрлэхэд баримталдаг зарчим, ажиллагааны онцлог, хохирогчийг хамгаалах механизм, хохирогч төвтэй мэдээлэхийн ач холбогдол зэрэг олон талт асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, улмаар ажлын байрны бэлгийн дарамтны талаарх ойлголт, мэдлэгийг олон нийтэд түгээхийг сэтгүүлчдэд уриаллаа. 

Харин "Эмэгтэй удирдагч сан" ТББ-гийн тэргүүн М.Болормаа "Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх: Хөдөлмөрлөхөд аюулгүй орчин, АББД-ын хохирогчийн кэйсийн дүн шинжилгээ" сэдвийн хүрээнд ажлын байрны бэлгийн дарамтны үр дагавар, хор уршиг, энэ төрлийн гомдол мэдээллийг хянаж, шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах асуудлыг танилцуулав. 

Тус сургалтад Өдрийн сонин, МОНЦАМЭ агентлаг, Eagle.mn, Unuudur.mn, Itoim.mn, Niitlel.mn, Bolod.mn, Mass.mn, Graph.mn, Snews, МҮОНТВ, МҮОНР, TV9, Star, Монгол HD, SBN, Tenger, Malchin TV зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын 24 сэтгүүлч хамрагдав.

Хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд талархал илэрхийлье.