ХЭҮК-ын дэргэдэх орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүд, Комиссын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн ажилтнууд, ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн алба хаагчид, Хүний эрхийн форумын дэргэдэх Хүний эрхийн зөрчилд шуурхай хариу үзүүлэх тусгай төсвийн гишүүдэд зориулсан “Хүний эрх хамгаалагчийн хорооны үйл ажиллагааг бэхжүүлэх нь” сургалт 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтыг нээж ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов ХЭҮК-ын дэргэд байгуулагдсан орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо нь хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх асуудлаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий шинэ бүтэц юм. Иймд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн гомдол, мэдээллийг хүлээн авах, шийдвэрлэх, гомдол, мэдээллийн талаар нотолгоо, баримт, мэдээлэл цуглуулах, хүний эрх хамгаалагчид учирсан аюул, эрсдэлийн үнэлгээг хийх, ХЭХХ-ны дүгнэлт гаргах чадавхыг нэмэгдүүлэхэд бүх талын хамтын ажиллагаа, оролцоо чухал болохыг онцлоод сургалтад амжилт хүсэв.

ХЭҮК-оос Монголын эмэгтэйчүүдийн сан дэмжиж, “Оюутолгойн хяналт” ТББ-тай хамтран зохион байгуулсан уг сургалтад
• ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ерөөлт-“Аюул, эрсдэлийн үнэлгээг хийх аргачлал (Тохиолдол шинжлэх нь)”
• “Монголын Эмнести Интернэшнл” байгууллагын Өсөлт хөгжил хариуцсан зохицуулагч Г.Сүхбат – “Баримтжуулалт хийх аргачлал”
• Хэвлэлийн хүрээлэнгийн багш Т.Есөн-Эрдэнэ – “Fact checking-Мэдээллийг эрэн сурвалжлахад анхаарах асуудал, эх сурвалжийг баталгаажуулах нь”
• Дотоод хэргийн их сургуулийн ЭШНХ-ийн Аюулгүй байдал судлалын төвийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Н.Манлайбаатар – “Нотлох ажиллагаа, анхаарах асуудал” сэдвээр тус тус хичээл заалаа.

Сургалтын үеэр ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ерөөлт “2026-2023 оны хооронд нийт 962 иргэнийг хамгаалалтад авч, 945 аюулгүй байдлыг хангах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэн ажилласан. Хамгаалалтын арга хэмжээний төрлийг Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ, Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээ гэж ангилдаг. Цаашлаад Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээнд урьдчилан сануулах, тодорхой үйлдлийг хязгаарлах, биечлэн хамгаалалт, мэдээллийн нууцлалыг хангах зэрэг олон талт арга хэмжээ авдаг” гэдгийг тодотголоо.

Харин Хэвлэлийн хүрээлэнгийн багш Т.Есөн-Эрдэнэ УИХ болон орон нутгийн сонгуулийн үеэр түгээсэн худал мэдээллийн мониторингид Хэвлэлийн хүрээлэнгээс судалгаа хийсэн. Судалгаанд хамрагдсан иргэдийн 88 хувь нь фэйсбүүк, 68 хувь нь телевиз, мэдээллийн сайтад, 40 хувь нь интернэт орчныг мэдээллийн эх сурвалжаа болгодог гэж хариулсан болохыг онцлоод аливаа мэдээллийг олон эх сурвалжаас нягталж, баталгаажуулах, эх сурвалжийн найдвартай байдлыг шалгах, анхдагч эх сурвалжийг олсноор худал мэдээллийг ялгах, цаашлаад бусдын эрхийг зөрчихгүй байх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломжтой гэв.
