Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Жанжин Штабын харьяа Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ажиллалаа.
“Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 49 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбогдуулан Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, өмнөх шалгалтын үеэр илэрч байсан цэргийн алба хаагчийн эрүүл орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч үр дүнд хүрсэн байна гэж үзлээ.
Тухайлбал, стандартын шаардлага хангаагүй, үйл ажиллагаа явуулахыг хориглосон барилгыг гал тогооны зориулалтаар ашиглаж байсан. Харин Комиссоос өгсөн зөвлөмж, УИХ-ын 49 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хугацаат цэргийн алба хаагч, байнгын бие бүрэлдэхүүн хооллох зориулалт бүхий цэргийн гал тогооны барилгыг улсын төсвийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан нь сайшаалтай байна.
Мөн цэргийн алба хаагчийн амь нас эрүүл мэндийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн хангалт, сургалт соён гэгээрүүлэх, өргөдөл гомдол гаргах, шийдвэрлэх болон цэргийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр танилцаж, 50 орчим хугацаат цэргийн алба хаагч, удирдах ажилтантай ярилцлага хийж, санал хүсэлтийг сонсов.
Цаашид цэргийн байнгын бие бүрэлдэхүүний ажлын байр, сургалт орчин нөхцөлийг сайжруулах, хүний хувийн мэдээлэл хамгаалах, цэргийн дүрмийн бус харьцаанаас урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажиллахыг зөвлөв.



