Гомдол
Зорчигчийн хувийн мэдээллийг хамгаалах асуудлаар хамтран ажиллана

Зорчигчийн хувийн мэдээллийг хамгаалах асуудлаар хамтран ажиллана

2023.09.08 859
Сонсох

Монгол Улсын агаарын хилээр орох, гарах, дамжин өнгөрөх зорчигчийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээс зорчигчийн мэдээллийг урьдчилан авах, цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, хадгалах, хамгаалах, ашиглах, харилцан мэдээлэл солилцох, аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий Зорчигчийн мэдээллийн төв Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 174 дүгээр тогтоолоор байгуулагдсан.

Тус төвийн мэдээлэл хамгаалах ажилтны зорчигчийн хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавина гэж зохицуулсан байдаг.

Энэ хүрээнд тус төвөөс зорчигчийн хувийн мэдээллийг хамгаалах үйл ажиллагаандаа зөвлөмж авах, цаашид хамтран ажиллах талаар хүсэлт ирүүлсний дагуу Комиссын гишүүн Г.Нарантуяа Зорчигчийн мэдээллийн төвийн дарга, хурандаа А.Энхтөр, Шуурхай удирдлага, дүн шинжилгээний хэлтсийн дарга, дэд хурандаа А.Сүхбаяр, Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа О.Сувд-Эрдэнэ нарыг 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, олон нийтэд таниулах, хүний хувийн мэдээллийг хамгаалах чиглэлээр Комиссоос зохион байгуулж буй сургалтад тус төвийн албан хаагчдыг хамруулах, хамтран ажиллах зэрэг асуудлыг зөвлөлдлөө. 

Уулзалтад Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн референт Л.Болдхүү, мэргэжилтэн Л.Мөнхтулга, Захиргаа удирдлагын хэлтсийн референт Г.Сурахбаяр нар оролцов.