Гомдол
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тогтолцоог чадавхжуулах асуудлаар холбогдох албаны хүмүүстэй санал солилцлоо

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тогтолцоог чадавхжуулах асуудлаар холбогдох албаны хүмүүстэй санал солилцлоо

2023.09.06 643
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа Австралийн Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйв Престон, Австралийн сайн дурын ажилтны хөтөлбөрийн Монгол Улсыг хариуцсан менежер С.Мөнхтуул, Сонгон шалгаруулалт, үйл ажиллагаа хариуцсан ажилтан Т.Отгонбаяр нартай 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр уулзлаа.

Уулзалтаар Комиссын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийг чадавхжуулах хүрээнд Австралийн Холбооны Улсын сайн дурын ажилтнуудаас сонгон шалгаруулж, 6 сараас 1 жилийн хугацаанд ажиллуулах саналтай байгаагаа Комиссын албан хаагчид Австрали Улсын Флиндерсийн их сургуулийн “Дижитал эрин үед Монгол Улсад хүний эрхэд суурилсан хөгжлийг дэмжих нь” сургалтад хамрагдахад дэмжлэг үзүүлж буйд  талархан илэрхийлэн тус Улсын Хувийн мэдээлэл, өгөгдөл хамгаалах Комиссар болон Хүний эрхийн Комиссын төлөөлөлтэй уулзаж, санал солилцох талаар ярилцлаа.

Австралийн Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйв Престон Хүний эрхийн Үндэсний Комисстой хүний эрхийг хангаж, хамгаалах, чиглэлээр хамтран ажиллах, Австралийн сайн дурын ажилтны хөтөлбөр хариуцсан менежер С.Мөнхтуул ХЭҮК-т Австралийн сайн дурын ажилтан ажиллахад бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.



Тус уулзалтад ХЭҮК-ын Гадаад хамтын ажиллагааны тасгийн ахлах мэргэжилтэн Э.Эрдэнэтөгс, Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн мэргэжилтэн Б.Болор нар оролцов.