Гомдол

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлаар улс төрийн намын удирдлага, ИТХ-ын төлөөлөгчидтэй санал солилцлоо

2023.05.17 813
Сонсох

ХЭҮК-оос Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн 7 дугаар бүлгийг “Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдал” сэдвээр боловсруулан УИХ-ын нэгдсэн чуулган, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн юм.

Тус бүлэгт улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлын талаарх хууль тогтоомжийн зохицуулалт түүний хэрэгжилт, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан “улс төрийн хүрээнд жендэрийн эрх тэгш байдлын хэрэгжилт, эрэгтэй, эмэгтэй хүний улс төрийн үйл ажиллагаанд оролцох тэгш эрх, тэгш боломжийг хангаж буй байдал, нийтлэг зөрчил, түүний шийдвэрлэлтийн талаар тусгасан.

ХЭҮК  “Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдал” илтгэлийг улс төрийн намуудын Удирдах зөвлөл, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд танилцуулж, санал солилцох уулзалт, хэлэлцүүлгийг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Улс төрийн намууд тэр дундаа парламентад суудалтай МАН, ХҮН нам нь намын дотоод дүрэмдээ эмэгтэйчүүдийн квотыг 30-аас доошгүй, АН-ын хувьд 20-50 хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байхыг тусгасан. Улмаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт хэсэгт “Улс төрийн нам нь энэ хуулийн 8.2, 8.3 дахь хэсгийн хэрэгжилтийн тайланг энэ хуулийн 8.1-д заасан Жендэрийн үндэсний хороонд хоёр жил тутамд хүргүүлж байна” гэсэн заалтын дагуу МАН, ХҮН нам, Иргэдийн оролцооны нэгдэл нам тайлангаа хүргүүлсэн байгааг ХЭҮК-оос онцлоод цаашид Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 36 улс төрийн нам дээрх тайланг Жендэрийн үндэсний хороонд тогтмол хүргүүлж, хуулийг хэрэгжүүлэх нь улс төрийн хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангахад томоохон түлхэц болохыг уулзалтын эхэнд цохон тэмдэглэв.

Уулзалт, хэлэлцүүлгээр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулж хариуцлагын тогтолцоог нарийвчлан тодорхой болгох, намын удирдлага, дотоод зохион байгуулалтыг сайжруулах, намын манлайллыг нэмэгдүүлэх, соёлыг төлөвшүүлэх, Монгол Улсын Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуульд нэр дэвшигчид нэмэлтээр олгох санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлэх хүрээнд зорилтот санхүүжилт олгох, квотын тоог нэмэх, олон нийтийн хандлага, ойлголтыг сайжруулах, сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх, хөдөлмөрлөх эрх, ажлын байрны дарамтаас ангид орчин бүрдүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

“Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгт ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид, Х.Мөнхзул, МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа, МАН-ын даргын зөвлөх М.Мөнхжаргал, АН-ын Намын байгуулалтын газрын дарга О.Мөнхбаяр, ХҮН намын нарийн бичгийн дарга Д.Энхбаяр, Иргэдийн оролцооны нэгдэл намын М.Оюунхишиг болон нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.