Гомдол
Ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн удирдлагад ХЭҮК-ын гишүүний Шаардлага хүргүүллээ

Ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн удирдлагад ХЭҮК-ын гишүүний Шаардлага хүргүүллээ

2023.05.12 1391
Сонсох

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа, Судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Ёндонжамц, ахлах референт Б.Мөнх-Эрдэнэ, референт Д.Ариунбилэг, мэргэжилтэн Л.Мөнхтулга нар Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн сурагчдын сурч боловсрох, халдашгүй, чөлөөтэй байх, хүнлэг бус, хэрцгий харьцаа, шийтгэлээс ангид байх эрхийн нөхцөл байдлыг 2023 оны 05 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд шалгалт хийсэн.

Шалгалтын урьдчилсан дүнг 2023 оны тавдугаар сарын 05-ны өдөр тус сургуулийн нийт албан хаагчид танилцуулсан бол шалгалтын эцсийн дүнг 2023 оны тавдугаар сарын 12-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын Ерөнхий газрын холбогдох албан тушаалтан болон Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн удирдлагын багийн бүрэлдэхүүнд танилцууллаа.

Уулзалтын эхэнд ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа “Комиссоос хийсэн хяналт, шалгалтад бүх талаар туслалцаа үзүүлж ажилласан сургуулийн хамт олонд баярласнаа илэрхийлье. Бид нэг л зорилготой. Энэ нь хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд амьдарч, тэгш боломжоор хангагдаж байгаасай гэдэг зорилго. Тиймдээ ч ямар шалтгааны улмаас өнөөдөр ийм нөхцөл байдал үүссэн. Энэ нөхцөл байдлаас хэрхэн гарах вэ гэдэг гарц, гаргалаа хайх нь энэ удаагийн хяналт, шалгалтын зорилго юм. Шалгалтын үр дүнд үндэслэн тус сургуулийн захирал Э.Нүрзэдэд Комиссын гишүүний шаардлага хүргүүлнэ. Шаардлагад нийт 6 зүйл багтсан. Эдгээр 6 заалтыг сургууль өөрийн нөөц боломжоороо засч залруулах бүрэн боломжтой. Энэ утгаараа 2023-2024 оны хичээлийн жил эхлэхээс өмнө сурагчдын сурч, боловсрох эрхийг хангаж, хамгаалахад эерэг өөрчлөлт гаргана гэдэгт найдаж байна. Комиссоос ирэх есдүгээр сард мониторинг хийнэ” гэдгийг онцоллоо.

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССООС ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ҮР ДҮНГ ТОЙМЛОН ХҮРГЭЕ.

Тус сургууль нь харааны бэрхшээлтэй хүүхдэд тусгай боловсрол олгодог, улсын хэмжээний ганц сургууль юм. 2022-23 оны хичээлийн жилд тус сургуульд бага ангийн 11 бүлэгт 60, дунд, ахлах ангийн 11 бүлэгт 69, нийт 129 хүүхэд суралцаж байгаагаас 72 эрэгтэй, 55 эмэгтэй сурагч байна. Үүнээс 89 сурагч нь Улаанбаатар хотоос, 40 сурагч нь хөдөө орон нутгаас иржээ. Сурагчид хөгжлийн бэрхшээлийн хувьд харилцан адилгүй.

Тэг хараатай 60, сул хараатай 69 сурагч байгаагаас  хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй 32 сурагч, үүнээс  тулгуур эрхтний бэрхшээлтэй 13 сурагч байна.

Сургуулийн дотуур байранд нийт 55 сурагч байгаагаас 29 нь эрэгтэй, 26 нь эмэгтэй байна. 38 сурагч орон нутгаас ирж, дотуур байранд амьдарч байна. Нийт 129 сурагчийн 110 нь тогтмол хичээлдээ ирдэг, 19 нь өвчтэй, чөлөөтэй буюу урт хугацааны эмчилгээтэй байна. Тус сургууль энэ хичээлийн жилд 48 багш, 23 ажилтан, нийт 71 албан хаагчтай, 1,365,143.0 төгрөгийн төсөвтэй үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн нийт төсвийн 78 хувь нь цалин хөлсөнд, үлдсэн 22 хувь нь бусад зардалд зарцуулагдаж байна.

Сургуулийн зүгээс сүүлийн жилүүдэд дотоод орчноо өөрсдийн нөөц бололцоонд түшиглэн тохижуулж, зай талбайг үр ашигтай ашиглах байдлаар анги танхимын хүрэлцээгүй байдлыг шийдвэрлэх, хүүхдийг хөгжүүлэх зорилгоор бусад байгууллагуудтай хамтарч ажиллаж, шинэ төрлийн сургалт, дугуйлан нэвтрүүлэх зэргээр санаачлагатай ажиллаж байна. Сургуулийн дотуур байр сургуулийн барилгын нэг хэсэг байрладаг, зориулалтын бус боловч тохитой, дулаан, хүүхэд аюул, айдас түгшүүргүй, хүчирхийллээс ангид байх орчныг бүрдүүлэхээр чармайлт гаргасан байна. Сургуулийн орчны агааржуулалт, гэрэлтүүлэг сайн, сургуулийн дотоод, гадаад орчныг шаардлагад нийцүүлэн камержуулсан байлаа. Сурагчидтай хийсэн ярилцлага, санал асуулгын дүнгээс багш, ажилтнуудын зүгээс сурагчдыг дарамтлах, ялгаварлах, бие махбодын шийтгэл хүлээлгэх ноцтой зөрчил гардаггүй байна.

Тус сургуульд бүтэн болон хагас өнчин, амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой өрхийн цөөнгүй сурагч сурдаг, тэдгээр сурагчдын амьдралын нөхцлийг таних мэдэх, эрсдлийг тогтоох, зохих арга хэмжээ авах талаар сургуулийн зүгээс анхаарч байна. Сургуулийн манлайллын үр дүнд Монгол брайль үсгийн стандарт боловсруулагдаж, 2019 онд батлагдсан нь харааны бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах төдийгүй харааны бэрхшээлтэй Монгол Улсын иргэдийн мэдэх, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг хүний эрх, эрх чөлөөг хангахад дэвшил болжээ.

СУРГУУЛИЙН ХАМТ ОЛНЫ ХҮЧИН ЧАРМАЙЛТ, ЭЕРЭГ ҮР ДҮНГИЙН ЗЭРЭГЦЭЭ ШАЛГАЛТААР ХҮНИЙ ЭРХИЙН ДАРААХ ЗӨРЧИЛ, ЭРСДЭЛ ТОГТООГДЛОО.

ҮҮНД:

1. Харааны бэрхшээлтэй хүүхдэд ерөнхий боловсрол олгох сургалтын агуулга, хөтөлбөр нь 116 дугаар сургуулийн сурагчдын бодит байдалд нийцээгүй, сургуулийн захирал, багш нар, бусад мэргэжлийн алба хаагчид тогтвор сууршилтай ажилладаггүй, харааны бэрхшээлтэй хүүхдийг сургах мэргэжлийн чиг баримжаа багш нарт олгох, ажлын байранд дадлагажуулах, давтан сургах бодлого, арга хэмжээ хангалтгүйгээс зарим төрлийн хичээл ор нэр төдий заагдаж, сурч боловсрох эрхийг хангахгүй байна.

Бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагад хамрагдсан 42 сурагч дараах нийтлэг бэрхшээл ярьж байлаа. Үүнд:

“... Секц, дугуйлан, давтлага жил бүр л нэмэгддэг ч ачаалал л нэмэгдэхээс өөр үр дүн байдаггүй. Давтлага үр дүн муутай, хичээл тараад дугуйлан, секц, давтлагад олон цагаар хамрагдахад ядардаг. Өөртөө зориулах чөлөөт цаг гардаггүй. Бусад энгийн сургуулиудтай адил хичээл сонгон суралцах боломжтой болмоор байна. Хичээлийн хуваарийн тухайд энгийн ЕБС-ийн сургуулийн сурагчдаас ачаалал өндөр байдаг. Өглөө 08.00 цагаас хичээл эхлээд 4:30-5:00 хүртэл хичээлдэг. Чөлөөт цаг тэр бүр гардаггүй.”

Сургуулийн багш, албан хаагчдын хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирсон заах арга эзэмшсэн байдал хангалтгүй байна. Багш нартай хийсэн бүлгийн ярилцлагаар “..шинээр ирсэн багш нарыг мэргэшүүлэх давтан сургалтад хамруулж, чадавхжуулах, залуу багш нарыг дадлага туршлагатай багш нартай хамтарч ажиллах, суралцах боломжоор хангах байдал орхигдсон” гэжээ.

Багш нарын энэ дүгнэлтийг сурагчдаас авсан санал асуулгын дүн мөн дэмжиж байна. Санал асуулгад 9-12 дугаар ангийн 18 сурагч оролцсоноос 61.1 хувь нь багш нар сурагчдад хичээл ойлгуулах чадвар дунд, 43.8 хувь нь багш нарын мэдлэг дунд, 31.3 хувь нь багш нарын брайль үсгийн чадвар дунд зэрэг гэжээ. Тус сургуульд өмнө нь хэрэгжиж байсан гадаадын улсын тусгай хэрэгцээт сургуульд туршлага судлах зэрэг мэргэжил, арга зүйг дээшлүүлэх арга хэмжээг сэргээх нь чухал болохыг багш нар онцолж байлаа.

   Сургалтын чанарт сургуулийн хүний нөөцийн тогтворгүй байдал нөлөөлж байна. Тус сургуулийн 20 багш 1-3 жил, 20 багш 4-8 жил, 12 багш 10-27 жил ажилласан байна. 2018 оноос хойш сургуулийн захирал таван удаа солигдож, 2021-2023 онд нийт 36 багш, ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгджээ. Бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагын үеэр багш нараас “...тайван л ажилламаар байна”, “...хамт олны дунд нөхөрсөг, дулаан уур амьсгал дутагдаж байна” гэж нийтлэг илэрхийлсэн нь хамт олны эерэг уур амьсгал бүрдээгүй, зарим талаар багшлах үйл ажиллагаанд удирдлагаас хэт хяналт тавьдагтай холбоотой байж болзошгүй байна. Сургуулийн камерын хяналтын үндсэн дэлгэц захирлын өрөөнд байршсан байгаа нь ажлын байранд тайван бус нөхцөл байдал үүсгэх талтай.

2. Сургуулийн дотоод орчин өнгөний ялгарал, гэрэлтүүлэг сайтай, сул хараатай хүүхдэд илүү нийцтэй боловч сургуулийн орчин бүрэлдээ харааны бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээг хангаж чадахгүй, хүртээмжгүй байна.

Тухайлбал, сургуулийн болон дотуур байрны шат, хаалга, анги, танхимд брайл тэмдэглэгээ байхгүй, брайлиар бичигдсэн ханын самбар, хичээлийн хуваарь байхгүй (танин мэдэхүйн самбар хэд хэд байсан боловч ганцхан Нацагдоржийн намтар л брайл тэмдэглэгээтэй байна), сургууль уруу орох төв шат зэрэг газруудад сул хараатай хүмүүс зориулсан өнгөөр ялгасан тэмдэглэгээ байхгүй байна. Шалгалтын Ажлын хэсэгт Нийслэлийн номын сангийн ажилтан П.Оюунбаярыг сургуулийн хүртээмж, харааны бэрхшээлтэй хүнд нийцтэй байдлыг үнэлэх шинжээчээр ажиллуулсан бөгөөд Комисст гаргасан дүгнэлтдээ дараах асуудлыг хөндсөн. Үүнд:

“...Сургуулийн орчин нөхцөлийн тухайд өндөр шат, саад тотгор байхгүй хэдий ч хараагүй хүүхдүүдийн сургууль, хараагүй хүүхдүүд амьдарч, суралцаж байгаа онцлог харагдсангүй. Шат, хаалга, бариул, анги, танхим зэрэгт брайл тэмдэглэгээ байхгүй байна. Тухайлбал: номын сан 201 тоот, шат дууслаа, захирлын өрөө гэх мэт брайл тэмдэглэгээ байвал тохиромжтой. Дотуур байранд мөн брайл тэмдэглэгээтэй зүйлс байхгүй байна. Тодорхой хэмжээнд цаасаар хийсэн бүтээл байгаа хэдий ч хичээлийн хуваарь, мэдээ мэдээллийн брайл самбар байхгүй байна. Түүнчлэн сургууль руу орох төв хаалганы шат нь сул хараатай хүмүүст зориулсан өнгөөр ялгасан тэмдэглэгээ байхгүй байна. Сургуулийн шат нь өндөр нам, буюу зорчиход тааламжгүй, шатны бариул маш доор байрласан байна.”

Түүнчлэн тус сургуульд 13 тулгуур эрхтний бэрхшээлтэй, тэргэнцэр ашигладаг хүүхэд суралцдаг боловч сургуулийн орчинд тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхэд зорчих боломжийг хангаагүйгээс тэдгээр хүүхдүүдийг эрэгтэй алба хаагчид хуваар гарган, анги, танхим хооронд үүрч зөөвөрлөж байна. Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхэд бие засахад хүндрэлтэй, байн байн 00 өрөө явахгүйн тулд идэх, уух зүйлсээ хязгаарлах нөхцлийг орчны хүртээмжгүй байдал үүсгэдэг байж болзошгүй.

Сургуулийн орчин хөгжлийн бэрхшээлтэй хүнд, ялангуяа харааны бэрхшээлтэй хүнд ээлгүй, тохиромжгүй байгаа нь тус сургуулийн 71 багш, албан хаагчийн 4 нь харааны бэрхшээлтэй, харааны бэрхшээлтэй багш нарт сургуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдоггүй, үзэл бодолд нь сургуулийн удирдлага ажил хэрэгч хандаж, сонсдоггүйтэй холбоотой. 2017 онд тус сургуулийн сурагчид харааны бэрхшээлтэй багшийн оролцоо, нөлөөтэйгээр хичээл хаяж, үзэл бодлоо илэрхийлсэн арга хэмжээ хэвлэл, мэдээлэл, олон нийтийн анхаарлыг татсан нь зарим багш, албан хаагчдад түгшүүр төрүүлсэн, энэ үйл явдлын таагүй дурсамж нь өнөөг хүртэл сургуулийн багш, ажилтнуудад үлдсэнээс харааны бэрхшээлтэй болон эрүүл багш нар харилцан үл итгэлцэх, хамтран ажиллахгүй байдал бий болгожээ.

Харааны бэрхшээлтэй багш нарыг анги даалгаж, хүүхэдтэй ойр ажиллуулдаггүй, удирдлага, зохион байгуулалтын ажилд оролцуулдаггүй нь нэг талаас сургуулийн орчинг харааны бэрхшээлтэй хүнд ээлтэй болгох, нөгөө талаас харааны бэрхшээлтэй багш нарын амьдралын туршлага, ур чадвараас хүүхэд суралцах, дагах тэмүүлэл бий болгоход сөрөг нөлөөтэй. Харин 116 дугаар сургуулийг амжилттай төгсөгчдийн дийлэнх нь Монгол Улсын Боловсролын Их Сургуульд дэвшин суралцаж байна. Энэ талаар сургуулийн удирдлага “... Сүүлийн 3 жилд 12 дугаар ангийг 6-7 хүүхэд төгссөн бол энэ хичээлийн жил 12 дугаар ангийг 8 сурагч төгсөж байна. Манай сургуулийн төгсөгчид ихэвчлэн түүх, нийгэм судлал, сэтгэл зүйч, сэтгүүлч гэх мэт мэргэжлээр их дээд сургуульд элсэн суралцдаг” гэх мэдээлэл Ажлын хэсэгт өгсөн.

3. Харааны бэрхшээлтэй хүүхдийн сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэхэд сургууль, багш нарын зүгээс боломжит арга хэмжээ авч байгаа хэдий ч сурагчдын брайль ном унших орчин бүрдүүлэх, брайль орчин, хэрэглэгдэхүүний тоо, хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай. Харааны бэрхшээлтэй хүнд зориулсан текстыг бичвэрт хөрвүүлэх ухаалаг утсанд суурилсан болон бусад төрлийн технологи нэвтэрсэн нь сурч боловсрох, мэдэх эрхийг хангахад сайн талтай боловч брайль номын хэрэглээ нь харааны бэрхшээлтэй хүүхдийн тэмтрэх, орчныг мэдрэх ахуйн чадварыг хөгжүүлэхэд ач холбогдолтой. Сургуульд брайль ном, хэрэглэгдэхүүний тоо, хүртээмж, чанар хангалтгүй талаар Ажлын хэсгийн шинжээч дараах дүгнэлтийг хийсэн болно:

“...Сурах бичгийн хувьд 3-11 дүгээр ангийн 6 сурах бичигтэй танилцахад 2 газар хэвлэгдсэн байна. 3 дугаар ангийн математик болон 9 дүгээр ангийн мэдээлэл зүйн сурах бичиг нь Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоонд хэвлэгдсэн байна. Хэвлэлийн мэдээг нь үзэхэд, брайл тэмдэглэгээ байсангүй. Мөн брайл хянагчийн хувьд алдаатай. Үсэг, цэг тэмдэглэгээ дутуу гарсан хэвлэл байна. Хэвлэлтийн хувьд номын нуруу нь хуудаснаас нам байгаа нь хадгалалт, хамгаалалтын хувьд хангалтгүй тул шаардлага хангахгүй байна. Ном, сурах бичгийн хавтас дахь мэдээлэл дутуу байгаа нь хүүхэд номын хавтаснаас ямар хичээлийн сурах бичиг болохыг мэдэх боломжгүй байна. Сурах бичгийн эхний хуудсыг нээн уншихад “бичиг” гэх үгийн “б” үсгийн брайл тэмдэглэгээнд цэг дутуу байх жишээтэй. Энэ нь цэвэр брайл хянагчийн алдаа буюу редакц муу хийгдсэн гэж үзэхээр байна.”

            Сургуулийн төсөвт брайль цаас худалдан авах зардал тусгагдаагүй, өнөөг хүртэл байгууллага, хувь хүмүүсийн хандив, тусламжаар сургалтын хэрэглэгдэхүүнийг хэвлэх цаасыг олж авч байгаа нь брайль хэвлэл хангалтгүй байх хүчин зүйл болж байна.

4. Сурагчид, багш нарын дунд хувийн амьдрал, сургуулийн нөхцөл байдал (багш нарын талцал, харилцан үл итгэх байдал)-аас шалтгаалсан түгшүүр, сэтгэл гутрал, стресс өндөр боловч сургуулийн сэтгэлзүйч, нийгмийн ажилтны үйлчилгээ, ажиллагаа дутагдалтай байна. Сургуулийн сэтгэл зүйч туршлагатай боловч дотуур байрны багшийн ажлын хавсран гүйцэтгэдэг, нийгмийн ажилтан тогтворгүй ажиллаж байна. Сурагчид, багш нарын сэтгэцийн эрүүл мэнд, тайван байдлыг хангах талаар авсан арга хэмжээ, тусгайлсан төлөвлөгөө байхгүй байна. Харин сургуулийн эмч сурагчдын эрүүл мэндийн байдлыг хянах, тандан судлах, үйлчилгээ үзүүлэх талаар санаачлагатай ажилладаг гэж дүгнэлээ.

5. Сургуулийн дотуур байрны ерөнхий нөхцөл эерэг боловч байрны орчин, багш, асрагчийн харилцаа, хандлага, зохион байгуулалттай холбоотой цөөнгүй зөрчил, дутагдал байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байр “Усанд орох өрөө нь хувцасны, усанд орох гэсэн 2 тасалгаатай байх бөгөөд өрөөний хаалга нь дотроосоо түгжээтэй байна” гэсэн шаардлагыг хангахгүй байна.

Дотуур байрын сурагчидтай хийсэн бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагаар ямар ч үед дотуур байрны хаалга нээлттэй байхыг шаарддаг, ялангуяа амьдрах өрөөний хаалгыг нээж унтахад корридорын хурц гэрэл мэдрэгддэг, эмэгтэй дотуур байранд заримдаа эрэгтэй багш нар ямар ч шаардлагагүй орж ирдэг, “сайн байна уу” гэж гэнэт мэндэлдэг, дотуур байрны багш, асрагч нар “гэрээс чинь юу ирэв, энэ юу юм” гэх зэргээр хувийн орон зайд хэт их халддаг, зөвхөн Лхагва гарагт болон гадуур арга хэмжээтэй үед усанд орох боломжтой, бусад өдөр хүссэн үедээ усанд орж чаддаггүй, хоолны хэмжээ хангалтгүй, зарим үед хоолноос элдэв зүйл гардаг, хоолны хэрэгсэл дутагдалтай, бохир гэх нийтлэг дутагдлыг нэрлэж байлаа.

Тухайлбал:

“... Зарим нэг асрагч харилцааны тал дээр доголдолтой байдаг сургалт хиймээр байна. Нэг асрагч эрх мэдлээ урвуулан ашигладаг, биднээр цэвэрлэгээ хийлгэдэг. Цэвэрлэгээ хийгээд сурвал хүүхдүүдийн амьдралд тустай, гэр орноо авч явахад хэрэгтэй гэдэг. Гэхдээ байнга, олон удаа цэвэрлэгээ хийлгэдэг. Цалингаа авч байгаа бол ажлаа хийх хэрэгтэй гэж боддог”

“... Асрагч нар нь багш нараа дуудаж элдэв зүйл хэлдэг, эрэмбэ, дараа гэж байдаггүй. Асрагч нь багш юм уу, багш нь асрагч болох гээд байгаа юм уу бүү мэд”

“... Сүүлийн үед дотуур байрны интернэтийг тасалсан. Хичээл номоо хийх, чөлөөт цагаараа фэйсбүүк, мессенжерээр хоорондоо харилцах гэхээр боломжгүй болсон”

“... Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхэд чөлөөтэй явахад хүндрэлтэй. Усанд орох өрөө, угаалгын өрөөнд тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хананы бариул гэх мэт зүйл байхгүй. Бие засах өрөөний бүх почкины таг байхгүй. Суултуурын ус татах гэж байгаад хүйтэн усанд гараа дүрдэг нь заваан, бас цочдог”

“...Усанд орох өрөө, угаалгын өрөө 2 нэг корридортой тул усанд орж байхад хүүхдүүд, багш нар орж, гарч байгаа нь сонсогддог, зарим тохиолдолд багш нар хэн усанд орж байна гээд өрөөний хөшгийг сөхөж хардаг.”

“...Захирал хөөрхий арга хэмжээ авч байгаа боловч хоолны амт, чанар, хэмжээ муу. Ахлах ангийн сурагчид өлсдөг. Заримдаа хоолноос мод, гялгар уут, бүхэл давс гардаг. Хоолны аяга, халбага заримдаа тостой заваан байдаг. Шинээр хоёр тогооч ирсэн одоо гайгүй болох байх.”

“... Унтаж байхад ч өрөөний хаалга онгорхой байдаг, эрэгтэй, эмэгтэй дотуур байрын багш нар оройдоо 2 давхарт цуглаад инээж, чанга чанга ярьдаг, хажуугаар нь унтлагийн хувцастай явахад хэцүү байдаг.”

6. Ерөнхий боловсролын 116 дугаар сургууль нь 2006 онд зэрэгцээ байрлах 29 дүгээр сургуулиас тусгаарлаж, байгуулагдсан, сургуулийн орчны газар нь 29 дүгээр тусгай сургуульд харъяалагддаг тул гадаад талбай байргүй, сургуулийн барилгад зай талбай, анги танхимийн хүртээмж муутай нь тус сургуульд хүүхэд сурч боловсрох тухтай, ээлтэй орчин бүрдүүлэхэд хүндрэл учруулж байна. Тогтолцооны шинжтэй, 116 дугаар сургууль дангаар шийдвэрлэх боломжгүй шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал, эрсдэлд хүчин зүйлсийг шийдвэрлэх асуудлыг Комисс Боловсрол, шинжлэх ухааны яаманд тавих болно.

116 дугаар сургуулийн сурагчдын сурч боловсрох, хөгжих эрхийг хангахад гэр бүл, эцэг, эхийн оролцоо, хувь нэмэр тулгуур хүчин зүйл боловч ийм оролцоо, дэмжлэг хангалтгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 7 дахь заалт, Монгол Улс 1974 онд соёрхон баталсан Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 13 дугаар зүйлд сурч боловсрох эрхийг, Монгол Улс 1990 онд соёрхон баталсан Хүүхдийн эрхийн тухай конвенцын 28 дугаар зүйлд хүүхдийн сурч боловсрох эрхийг, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх төрийн үүргийг, Монгол Улс 2009 онд нэгдэн орсон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцын 24 дүгээр зүйлд хөгжлийн бэрхшээлтэй хүний сурч боловсрох эрхийг тус тус баталгаажуулж, энэ хүрээнд Монгол Улс боловсролын багц хууль, хүүхдийн эрх, хамгааллын хууль тогтоомжуудыг батлан гаргасан.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн хүрээнд ерөнхий боловсролын 29 дүгээр сургуульд хийсэн шалгалтаар илэрсэн хүүхдийн эрхийн зөрчлийг таслан зогсоох зорилгоор дараах арга хэмжээ авахыг шаардаж байна.

КОМИССЫН ГИШҮҮНИЙ ШААРДЛАГА БҮРЭН ЭХЭЭРЭЭ

1. Сургуулийн удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, багш нарын хамтын ажиллагаа, ажиллах эерэг уур амьсгалыг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг нийт багш, ажилтнууд, ялангуяа харааны бэрхшээлтэй багш нарын оролцоотой боловсруулж, хэрэгжүүлэх;

2. Багш нарыг ажлын байранд мэргэжүүлэх, дадлагажуулах, арга зүйн дэмжлэг үзүүлэх талаар сургуулиас бие даан хэрэгжүүлэх боломжит арга хэмжээг тодорхойлж, үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах;

3. Сургуулийн орчинд хөгжлийн бэрхшээлтэй хүн, ялангуяа харааны бэрхшээлтэй, тэг хараатай хүнд саадгүй зорчих, суралцах орчин бүрдүүлэх зорилгоор орчны үнэлгээ хийлгэх, брайль тэмдэг, тэмдэглэгээ, сул хараатай хүнд зориулсан өнгөт тэмдэглэгээг сайжруулах, сургуулийн орчинд хэрэглэдэг дуу чимээ, дохиог хүүхдэд нийцтэй, ээлтэй болгох;

4. Сургуулийн хүний нөөцийн бодлогод ажил, мэргэжлийн шаардлага хангасан тус сургуулийн төгсөгчдийг нэн тэргүүнд авч ажиллуулах бодлого тусгах, энэ талаар төгсөгчдөд мэдээлэх зэрэг хүний нөөцийг зохистой бүрдүүлэх боломжит арга хэмжээ авах;

5. Сургуулийн болон дотуур байрны орчинтой холбоотой шаардлагад нэрлэсэн зөрчил дутагдлыг арилгах. Үүнд: Дотуур байрны амьдрах өрөөний хаалгыг хүүхэд унтах үед хэвших, бие засах, усанд орох өрөөний тохижилтыг сайжруулах, усанд орох өрөөнд хаалга, суултуурын почк хийх, дотуур байрны сурагчдыг өглөө сэрээхэд ашигладаг дуут дохионоос коронавирусээс хамгаалах арван зүйлт санамжийг хасах, хүүхэд амьдрах өрөөнд ширээ, сандал байрлуулах, дотуур байрны утасгүй интернэт холболтыг журамд заасан унтлагын цаг хүртэл асаалттай байлгаж, сурагч гэрийн даалгавар хийх, гэр бүлтэйгээ саадгүй харилцах, бусад мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх, хоолны чанар, хүртээмж, ариун цэврийг дээшлүүлэх, байнгын хяналт тавьж хэвших;

6. Камерын хяналтын үндсэн дэлгэцийг захирлын өрөөнөөс шилжүүлж, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлд нийцсэн байдлаар байршуулах; Энэ талаар тус Комиссын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсээс зөвлөгөө авч болно.

Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд шаардлагын мөрөөр арга хэмжээ авч, баримтын хамт 30 хоногийн дотор ирүүлэх үүрэгтэй.