Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, 7.1.10, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 5 дугаар зүйл, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь заалтыг тус тус үндэслэн ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунангаар ахлуулсан Ажлын хэсэг 2021 оны 02 дугаар сарын 05-нд Эрүүлжүүлэх, саатуулах байрны нөхцөл байдалд хяналт шалгалт хийж байна.
Хяналт шалгалтыг Тээврийн Цагдаагийн албаны Төмөр зам дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байр, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харьяа Эрүүлжүүлэх, саатуулах төвд явуулж байна.

Ажлын хэсэг тусгай удирдамжийн дагуу дээрх газруудад Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүрээнд, цар тахлын үед иргэдийг эрүүлжүүлэх, саатуулах үйл ажиллагаанд дагаж мөрдөх, дүрэм журам, төлөвлөгөө, заавар, зөвлөмж байгаа эсэх; байрны орчин нөхцөл хорио цээрийн дэглэмийг баримталж байгаа эсэх; эрүүлжүүлэгдсэн болон саатуулагдсан этгээдийг хүлээн авахтай холбоотой үйлчилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй байдал зэрэг хүний эрхийн нөхцөл байдалтай танилцана.
2021-02-05