Гомдол
“Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдэвт судалгааны ажлыг явуулж байна

“Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдэвт судалгааны ажлыг явуулж байна

2022.09.15 449
Сонсох

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үндэсний тогтолцоог боловсронгуй болгоход манлайлах үүрэгтэй оролцох нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын стратегийн зорилт юм. Энэ хүрээнд Комиссын гомдол шийдвэрлэх ажиллагааны мэргэжлийн байдлыг дээшлүүлэх, ил тод, нээлтэй болгохын зэрэгцээ хүний зөрчигдсөн эрх, эрх чөлөөг сэргээх үүрэгтэй Үндсэн хуулийн цэц, шүүх зэрэг байгууллагуудтай Комисс үр дүнтэй хоршиж ажиллах зарчмыг тодорхойлох зорилгоор онол, эрх зүйн зохицуулалт, нөхцөл байдлыг үе шаттай судалж, санал боловсруулах юм.

received_449258950323094.jpeg

Энэ ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2021 онд зохион байгуулсан Хүний эрхийн үндэсний чуулганы “Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог боловсронгуй болгох нь” салбар хуралдаанаар эхлүүлсэн бөгөөд 2022 онд хууль зүйн салбарын мэргэжилтнүүдтэй уг асуудлаар санал солилцох уулзалтуудыг Комиссоос үргэлжлүүлэн явуулж байна.

Түүнчлэн энэ хүрээнд зөрчигдсөн эрхийг сэргээх чиг үүрэгтэй инстүүцийн бодитой үр дүнг үнэлэх зорилгоор тодорхой хэргийг Үндсэн хуулийн цэц, шүүх, ХЭҮК-оос шийдвэрлэсэн байдлыг судлах ажлыг Хууль зүйн үндэсний хүрээлэн, НҮБ-ын Бизнес ба хүний эрх төсөлтэй хамтран эхлүүлж, Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой хэргийн шийдвэрлэлтийг судалж байна.

ав.jpg

Уг судалгаанд хамруулах дараагийн кэйсийг сонгох зорилгоор байгаль орчин, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн чиглэлээр нийтийн эрх ашгийг өмгөөлөх үйл ажиллагаа явуулдаг хуульчид, мэргэжилтнүүдтэй “Зөрчигдсөн эрхийг сэргээх механизмыг боловсронгуй болгох нь: Хохирлыг шударгаар, үр дүнтэй барагдуулж байна уу? сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгууллаа.

иаи.PNG

Уулзалтад “Цагаан тоосны хор хөнөөлөөс ирээдүйгээ аврах хөдөлгөөн” ТББ-ын хуульч Р.Лхагвабаяр “Нийтийн эрх ашгийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан ТББ-уудын туршлага”, “Оюу толгойн хяналт” ТББ-ын тэргүүн Д.Сүхгэрэл “Байгаль орчин, хүний эрхийн хохирлыг арилгах зорилгоор шүүхийн бус механизмыг хэрхэн ашиглаж болох вэ?” мэдээлэл хийлээ.

льгль.PNG

Уулзалтад ХЭҮК-ын гишүүд, ажилтнууд болон Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн удирлага, судлаачид, НҮБХХ-ийн “Бизнес ба хүний эрх” төслийн ажилтнууд, өмгөөлөгчид, судлаачид оролцлоо. Судалгааны ажлын үр дүнг 2022 оны 11 дүгээр сард олон нийтэд танилцуулахаар төлөвлөсөн юм.