Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл дор “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” чуулган 2022 оны 09 дүгээр сарын 30-нд зохион байгуулагдлаа.
Тус чуулганыг ЭМЯ, ХӨСҮТ, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Глобаль сангийн Үндэсний зохицуулах зөвлөл, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн нэгж зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.
Чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Дэлхий нийтээр “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” гэсэн уриан дор зохион байгууллаа. Учир нь сүүлийн жилүүдэд Коронавируст халдварт цар тахлаас шалтгаалан сүрьеэгийн илрүүлэг дэлхий дахинд буурч, сүрьеэгийн далд халдвар ихсэх, олон эмэнд тэсвэртэй сүрьеэ нэмэгдэх хандлага ажиглагдах болсон. Хүн амын дундах эрүүл мэндийн суурь үзүүлэлтийг дээшлүүлэх явдал нь сүрьеэтэй хэрхэн тэмцэх, яаж урьдчилан сэргийлэхээс ихээхэн шалтгаална” гэв.
Энэ үеэр ХЭҮК-ын дарга Ж.Хунан "Сүрьеэ өвчин нь эдийн засаг, нийгэм, цаашлаад сэтгүүл зүйн хувьд тухайн хүнд төдийгүй гэр бүлд дарамт учруулдаг эмгэг. Тиймээс сүрьеэ өвчинд олон салбарын хамтын ажиллагаа чухал. Сүрьеэ бол эдгэрдэг өвчин. Сүрьеэ өвчин туссан хэнийг ч ялгаварлан гадуурхаж үл болно" гэдгийг онцоллоо.