Эрүү шүүлтээс урьдчилсан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэгжийн алба хаагчдын хамт 2022 оны 11 дүгээр сарын 16,17-ны өдрүүдэд Баянхонгор аймагт хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хяналт шинжилгээ хийж ажиллалаа.

Хяналт шинжилгээний хүрээнд цагдан хорих байрны ахуй нөхцөлтэй газар дээр нь танилцаж, цагдан хоригдож байгаа иргэд, хорих ял эдэлж буй хүмүүстэй ганцаарчилсан уулзалт хийж, гаргасан зарим санал, хүсэлтийг шийдвэрлэх зөвлөмжийг хорих ангийн удирдлагад өгч шийдвэрлэн ажиллав.

Мөн тус аймаг дахь ШШГГ-ын алба хаагчидтай уулзалт, ярилцлагыг зохион байгуулж, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа”-ны талаар танилцуулга хийж, алба хаагчдын ажиллах нөхцөл, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломжийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн дараа Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхантай уулзаж ШШГГ-ын алба хаагчдаас гарсан ахуй нөхцөл, орон сууцны хүртээмж, албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай тээврийн хэрэгслийн хүртээмжийг сайжруулах саналыг уламжилж Аймгийн засаг даргын зүгээс саналыг шийдвэрлэхээ илэрхийллээ.


