Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести Интернэшнл байгууллагатай хамтран улсын төсөв, санхүүгийн шийдвэрийг хүний эрхийн үүднээс төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Төсөв ба хүний эрх” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Сургалтад УИХ-ын Тамгын газрын 30 гаруй ажилтан хамрагдсан бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, хууль зүйн доктор, дэд профессор Д.Сүнжид “Төсөв, санхүүжилт ба хүний эрхийн хэрэгжилт”, Монголын Эмнести Интернэшнл байгууллагын сургагч багш Э.Энхтайван “Төсөв ба хүний эрх” сэдвээр тус тус мэдээлэл өглөө.
Сургалтын үеэр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан “Тамгын газрын ажилтнууд бид өдөр тутмын ажилдаа, дотооддоо л анхаараад байдаг. Гадна байгаа иргэнд ямар үр дагавар үүсгээд байна вэ гэдгийг, иргэний нийгмийн байгууллагынхан, судлаачид ямар үзэл бодолтой байгааг сонсох зорилгоор ийм сургалт орж байна” хэмээн ярив.


Монголын Эмнести Интернэшнл”-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа “2021 онд Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Хүний эрхийн үндэсний форум гэж томоохон хурал болж байсан юм. Энэ хурлыг тухайн үеийн хүний эрхийн тулгамдсан асуудал “Төсөв ба хүний эрх” сэдвээр хийх санаачилга гарч байсан. Олон тулгамдсан асуудал байсан учраас зөвхөн нэг салбар хуралдааныг нь “Төсөв ба хүний эрх” сэдвээр хийгээд, ХЭҮК манай хоёр хамтарч гарын авлага гаргасан юм.
Гэсэн хэдий ч бодит амьдралд бууж байгаа эсэхийг нухацтай авч үзэх чанарын дэвшил гаргахад өнөөдрийн сургалт хувь нэмрээ оруулна гэж найдаж байна гэв.
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид: Төсөв боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хяналт тавих бүхий л үе шатанд хүний эрхийн зарчим, эрхийн хэрэгжилтийн бодит хэрэгцээ, зорилтот бүлгийн онцлогийг харгалзан үзэх нь төсвийн үр нөлөө, үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ төрөөс хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах үүргээ хэрэгжүүлэх чухал нөхцөл болохыг ХЭҮК-ын дарга Д.Сүнжид тодотгов.

Тухайлбал, Хүний эрхийн зөрчил гардаг үндсэн нэг шалтгаан нь төсөв санхүүгийн хуваарилалт, хүрэлцээ гэж бид үздэг.
“Хүний эрхийг хамгаална”, “Эмэгтэйчүүдийн эрхийг бодитой болгоно”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжинэ” гээд материаллаг хуулиудыг та бүхэн өөр өөрийнхөө салбар чиглэлээр маш сайн хийдэг. Процесс руугаа очихоор энэ бүхэн яаж бууж байгаад анхаарал хандуулах ёстой.
Төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг байгууллагууд бий. Тэнд төсвийн тодотголоор хоол, эмийн зардлыг нь хасчихдаг. ХЭҮК-ийн гишүүн цэргийн анги, хорих ангид хяналт шалгалт хийгээд очиход эмүүд нь хугацаа дууссан байдаг. Даралт бууруулах, өвчин намдаах хоёрхон эм бид өөрсдөө авч байгаа эсвэл мөнгөөр нь авхуулж байгаа гэнэ.
Салбарын төсвийг харвал том тоо харагдана. Анхан шатандаа ийм байдалтай. Ийм учраас бид зохистой юм уу, үр нөлөөтэй юм уу? Яаж хуваарилагдаж байна вэ гээд асуугаад байгаа юм.
Хүний эрхийн үүднээс төсвийг хэмжихэд зорилтот, эмзэг бүлэгт очих хуваарилалтыг илүү анхаараасай гэж хүсдэг.
Төсвийн тухай хуульд хэлэлцэнэ, саналыг нь авна, оролцуулна гээд бүгд бий.
Боловсролын салбар дахь хүний эрхийн асуудлыг хоёр жилийн өмнө 23 дахь илтгэлд авч үзсэн. Тэгэхэд дотуур байран дахь хүүхдийн хоол хүнсний зардал гээд нэг төсөв байгаа юм. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал 2000 төгрөг. Яаж хүргэх юм бол гээд асуулт тавихуйц тоо тавьчихдаг. Юун шим тэжээл…
Шүүх шинжилгээний асуудал төсөвтэй шууд хамаатай. Шүүхэд нотлох баримт хангаж өгдөг шинжилгээний ганц л байгууллага Монголд бий. Энэ байгууллагын нөхцөл байдалтай танилцаж байхад байр сав, хүний нөөц, цалин хөлс, лаборатори гээд олон юм хангалтгүй байгаа нь төсөвтэй холбоотой.
"Хүүхэд хамгаална" гэж бүх хуулиас харж болно. Хамтарсан багт тавьж байгаа зардал 50 мянган төгрөг. Сум, аймгийн төсөвт энэ зардлыг суулгах ёстой гэж бид байнга л шаарддаг. Сургуулийн орчинд дотуур байрны асуудал бий. Стандарт шаардлага хангахгүй, актлагдсан байранд, ус бороо дусдаг, тэр битгий хэл өвөл гадуур хувцастайгаа сууж байдаг дотуур байр таарч байсан. Үе шаттайгаар шийдэж байна гэсэн хариу өгдөг. УИХ-ын тогтоолд туссан, Засгийн газраас бид хэрэгжилтийн мэдээллийг авдаг. Жилдээ таваас долоон дотуур байрыг засдаг энэ хурдаар хэзээ засварлагдаж дуусах нь ойлгомжгүй байдаг.
Та нар санаж байгаа бол Хөвсгөлийн нэг суманд цагдаа нэг иргэнийг шонгийн модонд гавлачихсан зураг байсан.
Та бүхэн бодлого боловсруулах, төсвөө хянах, шийдвэр гаргах туслах дэмжих үүргээ хэрэгжүүлэхдээ энэ бүхнийг бодолцоорой гэв.
Төсөв нь зөвхөн төрийн орлого, зарлагын төлөвлөгөө бус, төрөөс хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах үүргээ хэрэгжүүлэх санхүүгийн үндсэн хэрэгсэл болохыг сургалтын үеэр онцолж, төсвийн хөрөнгийг хүний эрхийн хэрэгцээ, тэргүүлэх чиглэлд нийцүүлэн хүрэлцээтэй, тэгш, үр ашигтай хуваарилах, зориулалтын дагуу зарцуулах шаардлагын талаар хэлэлцэв.
Тухайлбал Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлд тусгагдсан нийт 60 санал, зөвлөмжийн 35 буюу 58.3 хувьд нь төсөв, санхүүжилтийн шийдэл шаардлагатай байгааг хэлээд төсвийн шийдвэр хүний эрхийн бодит хэрэгжилтэд хэрхэн нөлөөлж байгааг онцлов.
