Гомдол
“АМЖИЛТАА ДҮГНЭЖ, АСУУДЛАА ТОДОРХОЙЛЪЁ” УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“АМЖИЛТАА ДҮГНЭЖ, АСУУДЛАА ТОДОРХОЙЛЪЁ” УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026.09.30 164
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос ахмад настны эрх, хамгааллыг сайжруулах чиглэлээр хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны хамтын чиглэлийг тодорхойлох зорилгоор “Амжилтаа дүгнэж, асуудлаа тодорхойлъё” уулзалт, хэлэлцүүлгийг Монголын Эмнести Интернэшнл байгууллагатай хамтран өнөөдөр (2026.09.30) зохион байгууллаа.

Комиссоос жил бүр ахмадын эрхийн өдрийг тохиолдуулан цуврал уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж ирсэн уламжлалтай бөгөөд энэ удаагийн хэлэлцүүлгээр өмнөх уулзалтын хүрээнд гаргаж, Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн Комиссын гишүүний зөвлөмжийн хэрэгжилт үр дүн, ололт амжилт, цаашид анхаарах асуудлын талаар ярилцлаа. Тус уулзалтад төр, төр бус байгууллага, ахмадууд, залуучууд, олон улсын байгууллагын 40 гаруй төлөөлөл оролцлоо. 

DSC09394

Уулзалт, хэлэлцүүлгийг ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул нээж, ахмад настны эрх, хамгааллыг сайжруулах чиглэлээр Комиссоос сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг танилцууллаа.

Тэрээр Комисс 2024, 2025 онд ахмад настны эрхийн асуудлаар хэлэлцүүлгүүд зохион байгуулж, оролцогчдоос гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэн нийт 7 багц асуудлыг анхааралдаа авч ажиллах талаар зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр үр дүн гарсан байгааг сайшаагаад,  Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 3 удаагийн илтгэлдээ ахмад настны эрхийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийж, УИХ-аар хэлэлцүүлсэн. Улмаар Улсын Их Хурлаас гурван тогтоол баталж, тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг Засгийн газарт үүрэг болгосон.

DSC09521

Эдгээр тогтоолын хэрэгжилтийг хангахад Засгийн газар анхаарч ажиллах, мөн ТББ-ууд, ахмадын чиглэлээр ажилладаг байгууллагуудын хамтын ажиллагаа чухал бөгөөд Ахмадын хууль, бодлого хангалттай ч хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийх чухал болохыг онцлон тэмдэглэлээ.

Хэлэлцүүлгийг ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир чиглүүлж, ГБХНХЯ-ны Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг ахмад настны хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, хууль тогтоомжийн хэрэгжилт,  Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Б.Анхтуяа эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх, Боловсролын яамны Насан туршийн суралцахуй, тэгш хамруулах сургалтын хэлтсийн дарга Г.Саранхүү албан бус боловсрол эзэмших нөхцөл байдал, хүртээмжийн асуудал болон Комиссоос өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл танилцуулав.