Complaint
TRAINING AND DISCUSSION "RIGHT TO FAIR TRIAL" ORGANIZED

TRAINING AND DISCUSSION "RIGHT TO FAIR TRIAL" ORGANIZED

2026.09.10 195
Listen

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг есдүгээр сарын 9-ний өдөр Орхон аймагт ажиллаж, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон төрийн өмчит үйлдвэрийн газрын хуульчдад хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Шударгаар шүүлгэх эрх” сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

802939758_1503178331846220_6186100240152156919_n

Энэхүү сургалтыг Орхон аймгийн Прокурорын газартай хамтран зохион байгуулсан бөгөөд аймгийн Прокурорын газрын прокурор, туслах ажилтан, Цагдаагийн газрын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэх, мөрдөн шалгах эрх бүхий алба хаагч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 437 дугаар нээлттэй хорих ангийн алба хаагч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн хуульч зэрэг нийт 250 орчим хүн хамрагдлаа.

Сургалтыг нээж, ХЭҮК-ын гишүүн, доктор, дэд профессор Б.Энхболд, Орхон аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Д.Дагвасүрэн нар үг хэлэв.

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах нь хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн шалгуур болохыг онцолж, төрийн байгууллагаас хүний эрхэд хандах хандлага, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах баталгааг бодитоор хэрэгжүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.

802811554_3305411473180959_3900424307600131566_n

Тэрээр шударгаар шүүлгэх эрх, халдашгүй чөлөөтэй байх эрх, эрүүдэн шүүлт болон хүнлэг бус харьцаанаас ангид байх эрхийг хангах нь хууль сахиулах байгууллагын алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаатай шууд холбоотой болохыг онцолж, эдгээр эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг нэг мөр хэрэгжүүлэхийн ач холбогдлыг тодотгов.

Түүнчлэн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенц болон үндэсний хууль тогтоомжийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөв, нэг мөр хэрэглэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд прокурорын хяналтыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх шаардлагын талаар мэдээлэл өглөө.

Сургалтын үеэр Комиссын гишүүн Б.Энхболд “Шударгаар шүүлгэх эрх, эрүүдэн шүүлт, хүнлэг бус харьцаанаас урьдчилан сэргийлэх ”, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир “Хүний эрхийн Үндэсний Комиссоос шударгаар шүүлгэх эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ (2021–2026) статистик тоо, баримт, мэдээ”, Хүний эрхийн боловсролын хэлтсийн ахлах референт Э.Мөнхзул “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд олон улсын гэрээ, конвенцыг хэрэглэх”, Орхон аймаг дахь референт Ц.Батзаяа “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрхийг хангах, хүнлэг бус харьцаанаас урьдчилан сэргийлэх” сэдвээр тус тус мэдээлэл өглөө.

802899705_1350448863530138_2122698925162859646_n

Мөн Гомдол шалгах ажиллагааны хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 437 дугаар нээлттэй, хорих ангийн хоригдогч нартай уулзаж, ангийн нөхцөл байдалтай нь газар дээр нь танилцлаа.

ХЭҮК цаашид хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын алба хаагчдад хүний эрхийн боловсрол олгох, олон улсын хүний эрхийн хэм хэмжээ, үндэсний хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нэгдмэл ойлголтыг төлөвшүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллана.