Өнөөдөр (2026.09.10) Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог дээшлүүлэх нь” төслийн менежер Э.Эрдэнэчимэгийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ, Төсөл хөтөлбөр, хамтын ажиллагаа хариуцсан референт Л.Мөнхтулга нар байлцав.
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) болон БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг (КОЙКА)-аас хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог дээшлүүлэх нь” төслийн 2 дугаар үе шатанд Комисс Улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт үнэлгээ хийх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эрх зүйн шинэтгэл, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов.
