УИХ-аас 2020 оны 01 дүгээр сарын 23-нд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Шинэчлэгдсэн хуулийн дагуу УИХ-ын 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 34 дугаар тогтоолоор Хүний эрхийн Үндэсний Комиссын таван гишүүн томилогдсон билээ. 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс ХЭҮК-ын шинэ гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн. Комиссын даргын үүргийг Комиссын гишүүн Ж.Хунан түр орлон гүйцэтгэж байна.
Монгол Улсад коронавируст халдварын дотоодын анхны тохиолдол бүртгэгдэж, Засгийн газрын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор авч буй арга хэмжээ, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиудад заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Комиссоос шуурхай үнэлгээ хийж, нөхцөл байдалтай танилцаж, холбогдох гомдол, мэдээллийг шалгалаа. Тухайлбал, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Комиссын гишүүд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харьяа Түр хамгаалах байр, Хүүхэд, залуучууд, гэр бүл хөгжлийн газрын харьяа Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байр, 107, 108 утас, ХУД-ийн Хүүхэд хамгааллын байр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, түүний харьяа Цагдан хорих 0461 дүгээр хаалттай ангид, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17, Баянзүрх дүүргийн 5, 22 дугаар хороодод тус тус ажиллаж, нөхцөл байдалтай биечлэн танилцсан.
