Гомдол
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшсэн 5 хүнийг УИХ-ын Хууль зүйн Байнгын хороо дэмжлээ

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшсэн 5 хүнийг УИХ-ын Хууль зүйн Байнгын хороо дэмжлээ

2020.11.04 63
Сонсох

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонслоо.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 04 тоот тогтоолоор Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан. Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат Ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажилласан. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г. Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганбаатар, Хүний эрхийн форумын төлөөлөл, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан нар Ажлын хэсгийн гишүүнээр ажилласан билээ.

Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль шинэчлэгдсэнээр тус комиссын гишүүний гурван орон тоог тав болгон нэмэгдүүлсэн. Мөн таван гишүүнээс гадна Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн нэг гишүүн байхаар хуульд заасан. Мөн ХЭҮК-ын таван гишүүний жендэрийн харьцааг тэнцвэртэй байлгах үүднээс нийт гишүүдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байхаар тусгасан.

Танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч М.Үнэнбат хийв. Тэрбээр, “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг шинэчлэн найруулж 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улсын Их Хурал баталсан. Энэ хуулиар хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд олон бодлого тусгагдсаны нэг нь Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулж, томилох асуудлыг нарийвчлан зохицуулсан. Түүнчлэн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг бий болгож, сонгон шалгаруулалтыг нээлттэй болгосон.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт “Хууль зүйн байнгын хороо ажлын хэсэг байгуулж, 15 хоногийн дотор сонгон шалгаруулалт явуулна. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан иргэдээс сул орон тоо гарсан гишүүний тоогоор нэр дэвшүүлж, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлнэ” гэж заасны дагуу Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Хүний эрхийн Үндэсний комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмыг баталсан.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Комиссын гишүүнд нэр дэвшигч нь 35 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна. Хууль зүйн өндөр мэргэшилтэй, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай.” гэж заасан. Сонгон шалгаруулалтыг 7 үе шаттайгаар зохион байгуулсан. Энэ удаагийн сонгон шалгаруулалтад 24 иргэн нэр дэвших хүсэлтээ ирүүлснээс хууль, журамд заасан шаардлагыг бүрэн хангасан 19 хүнийг Ажлын хэсгийн шийдвэрээр бүртгэн, нэрсийг parliament.mn цахим хуудаст байршуулж олон нийтэд мэдээлсэн. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн нэр дэвшигчдийн томилгооны сонсголыг 2020 оны 06 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгууллаа. Томилгооны цахим сонсголд 31 иргэн ажиглагчаар, 55 иргэн оролцогчоор бүртгүүлж, нэр дэвшигчдээс асуулт асуух эрхтэйгээр оролцсон. Сонсголыг нэр дэвшигч тус бүрээр явуулж, хүн тус бүрт 50 минутын хугацаа өгч, сонсголын оролцогчид болон ажлын хэсгийн гишүүд асуулт асууж, хариулт авсан. Томилгооны сонсголын үйл явцыг бүхэлд нь шууд дамжуулж, олон нийтэд мэдээллийг нээлттэй хүргэсэн. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан иргэдээс сул орон тоо гарсан гишүүний тоогоор нэр дэвшүүлж, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэх хуулийн заалтын дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд Д.Сүнжид, Ж.Хунан, Г.Нарантуяа, Б.Энхболд, Х.Мөнхзул нарыг нэр дэвшүүлж, байнгын хороонд танилцуулсан. Харин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад 4 хүн нэр дэвшихээ илэрхийлсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонгон шалгаруулалт ороогүй нэг нэр дэвшигчийг сонгон шалгаруулалтаас хассан. Үлдсэн 3 нэр дэвшигчийн дунд сонгон шалгаруулалт явуулсан боловч Ажлын хэсгийн гишүүдээс олонхын санал авсан нэр дэвшигч гараагүй тул Хууль зүйн байнгын хороонд танилцуулах боломжгүй болсон” гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Ц.Мөнхцэцэг, Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар, С.Амарсайхан, Д.Ганбат, Б.Энх-Амгалан, Н.Алтанхуяг нар асуулт асууж, саналаа илэрхийлсэн юм. Гишүүд томилгооны сонсголыг анх удаа олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулсан нь төрийн өндөр албан тушаалтныг томилох шинэ жишиг тогтоосныг тэмдэглээд цаашид сайжруулах шаардлагатай зүйл байгааг хэлж байлаа.

comissiin gishuud2.jpg