Туршлага солилцох уулзалтыг хүний эрхийн сугагч багшаар бэлтгэгдсэн багш нартай эргэх холбоотой ажиллах, тэдний зохион байгуулж буй хүний эрхийн сургалтын үйл ажиллагаа, үр дүнтэй танилцах, сургалтын явцад тулгарч буй хүндрэл, бэрхшээл болон сайн туршлагын талаар харилцан санал солилцох, цаашдын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж байна.
Энэхүү туршлага солилцох уулзалтад Хил хамгаалах байгууллага, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цагдаагийн байгууллага , Хэнтийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Үндсэн хууль-Манай сургуульд хөтөлбөрийн оролцогчид, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ зэрэг 7 байгууллагын 30 төлөөлөл хамрагдаж байгаа юм.
Арга хэмжээний нээлтийн үеэр Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, доктор Д.Сүнжид хэлсэн үгэндээ, Комисс өнгөрсөн хугацаанд төрийн байгууллагуудын ажилтнуудын хүний эрхийн мэдлэг, чадавхыг бэхжүүлэх зорилгоор хүний эрхийн сургагч багш бэлтгэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ирснийг онцоллоо. Тэрбээр сургагч багш нарыг бэлтгэснээр төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлсэн, иргэн төвтэй, хүний эрхийн мэдрэмжтэй байх нөхцөл бүрдэж, хүний эрхэд суурилсан соёл төлөвшихөд бодит хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв.

Дашрамд дурдахад Комиссоос тухайн байгууллагын албан хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, хүний эрхийн сургагч багшаар бэлтгэн, тэднээр дамжуулан салбарын хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг дэмжих, чадавхжуулах зорилгоор 2002-2025 оны байдлаар нийт 46 удаагийн хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтад 1,236 оролцогчийг хамруулж, сертификат олгосон байна.
Үүнээс 2022-2025 оны байдлаар нийт 15 удаагийн хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтад 577 оролцогчийг сургагч багшаар бэлтгэжээ.

Уулзалтын үеэр оролцогчид цаашид сургалт зохион байгуулахдаа анхаарах асуудал, хүндрэл бэрхшээл, сайн туршлагаа солилцох зэргээр үр дүнтэй хамтран ажиллав.

