Гомдол
СЭТГЭЦИЙН ЭМГЭГ, ОЮУНЫ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН БАЙР СУУРИЙГ СОНСЛОО

СЭТГЭЦИЙН ЭМГЭГ, ОЮУНЫ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН БАЙР СУУРИЙГ СОНСЛОО

2026.09.16 342
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК), Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв (ХЭҮТ) хамтран “Сэтгэцийн эмгэг, оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал, эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2026.09.16) зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр сэтгэцийн эмгэг, оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хэрэгжилт, бодит нөхцөл байдал, эрх зүйн зохицуулалтад тулгамдаж буй асуудлыг тодорхойлохын зэрэгцээ эдгээр асуудлаар ХЭҮК-оос хийж буй судалгааны ажлын явц, үр дүнг танилцуулж, төрийн болон иргэний нийгмийн байгууллага, судлаач, мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдний гэр бүл, асран хамгаалагчдын санал, зөвлөмжийг тусгахыг зорьж байна.

DSC07932
DSC07762

ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн доктор Г.Нарантуяа хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ сэтгэцийн эмгэг, оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн нөхцөл байдал, эрх зүйн зохицуулалтын асуудлыг зайлшгүй үнэлж үзэх шаардлагатай болсныг онцоллоо. Тэрбээр “Эдгээр хүмүүсийн асуудлыг нэг бол асрамжийн газар, нэг бол гэр оронд нь түгжихэд болно” гэсэн явцуу хандлагатай байж болохгүй. Тэдэнд ихэвчлэн хязгаарлалтын зохицуулалтууд үйлчилж байна. Өнөөдрийн энэ хэлэлцүүлэг судалгааны ажлын салшгүй хэсэг болох бөгөөд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 26 дахь илтгэлд тусгаж, Улсын Их Хуралд хүргүүлэн шийдвэр гаргуулна” гэдгийг тэмдэглэв.

ХЭҮК-оос сэтгэцийн эмгэг, оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хэрэгжилт, нөхцөл байдалтай холбоотой судалгааг дараах үндсэн чиглэлийн хүрээнд хийж байна.

 

DSC079951

Үүнд: оюуны болон сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүний Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажсан эрхийн хэрэгжилтийг судалж, эрүүл мэнд, сэргээн засах болон урт хугацааны дэмжлэг, нийгмийн халамж, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, олон нийтийн оролцооны хүртээмж, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилт, хууль эрх зүйн зохицуулалтын давхардал, хийдэл, зөрчил, хэрэг хариуцах чадвар болон иргэний эрх зүйн чадамжтай холбоотой шүүхийн шийдвэр, шинжээчийн дүгнэлтэд дүн шинжилгээ хийнэ.   Мөн асран хамгаалагчдын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал зэрэг өргөн хүрээнд судлах юм.

Хэлэлцүүлгийн үеэр сэтгэцийн эмгэг, оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамдаж буй, нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлыг бодит жишээ, баримтад тулгуурлан танилцуулж, санал, зөвлөмжөө хэллээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид эдгээр хүмүүсийг зөвхөн “хөгжлийн бэрхшээлтэй” гэсэн нэг тодорхойлолтын хүрээнд авч үзэхгүй байх, төрөхөөс эхлээд амьдралын бүхий л үе шатанд сэтгэцийн эмгэг, оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст төрөөс үзүүлэх үйлчилгээний бүрэн зураглалыг гаргах шаардлагатайг онцоллоо.

DSC08156

Түүнчлэн хүртээмжийн асуудлыг зөвхөн үйлчилгээ үзүүлж буй газар, байгууллагын хүртээмжээр хязгаарлахгүй, тухайн хүн гэрээсээ гараад үйлчилгээ авах хүртэлх зам, орчны хүртээмж, эдийн засгийн болон мэдээллийн хүртээмжийг бүхэлд нь авч үзэж, асуудалд цогц байдлаар хандах шаардлагатайг тэмдэглэв.

Мөн дэмжих болон хөгжлийн үйлчилгээнүүдийг хөгжүүлэх, эдгээр үйлчилгээг үзүүлж буй ажилтнуудын ур чадвар, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, гэр бүлийн гишүүн нь сэтгэцийн эмгэг, оюуны хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд хаана хандах, ямар тусламж, үйлчилгээ авах талаарх мэдээлэл, чиглүүлгийг тодорхой болгох, нэгдсэн мэдээллийн сантай болох зэрэг олон нарийн асуудлыг судалгаанд тусгах нь зүйтэй болохыг оролцогчид хэлж байлаа.

Хэлэлцүүлгийг ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир чиглүүлж, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа нар “Сэтгэцийн эмгэг, оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудал, судалгааны зорилго, хамрах хүрээ” сэдвээр мэдээлэл хийлээ. Мөн “Оюун, сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтад хүний эрхийн үүднээс хийсэн дүн шинжилгээ” судалгааны ажлын явцыг судалгааны багийн ахлагч Б.Болороо, “Оюун, сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөв байдал” судалгааны ажлын явцыг судалгааны багийн ахлагч Б.Анужин тус тус танилцууллаа.

Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг судалгааны явцад анхаарч цаашид сэтгэцийн эмгэг, оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах эрх зүйн орчин, төрийн үйлчилгээний хүртээмж, хамгааллын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн бодлогын зөвлөмж боловсруулахад тусгах юм.