Гомдол
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 339 ДҮГЭЭР АНГИД ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 339 ДҮГЭЭР АНГИД ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026.11.02 17
Сонсох
2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Прокурорын газрын хүний эрхийн асуудал хариуцсан прокурортой хамтран Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид ажиллаж, ангийн офицер, ахлагч болон хугацаат цэргийн алба хаагчдад хүний эрхийн чиглэлээр сургалт зохион байгууллаа.
876129314_122147865993356391_5993424393821622172_n
Баянхонгор аймгийн Прокурорын газраас “Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг болон эрүү шүүлт тулгах гэмт хэргийн ойлголт” сэдвээр мэдээлэл өгч, цэргийн алба хаах явцад мөрдөх хууль тогтоомж, цэргийн албаны дэг журам, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглахгүй байх, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэхийн ач холбогдлыг тайлбарлан таниулсан бол Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Эрүүдэн шүүхээс ангид байх эрх” сэдвээр сургалт хийж, хүн бүр эрүүдэн шүүх болон хүнлэг бус, хэрцгий, хүний нэр төрийг доромжлон харьцах, шийтгэх үйлдлээс ангид байх үндсэн эрхтэй болохыг тайлбарлан таниуллаа.
Түүнчлэн цэргийн албаны онцлог нөхцөлд хүний эрхийг хангах, алба хаагчдын хоорондын харилцаанд хууль дээдлэх зарчмыг баримтлах, бусдад бие махбодын болон сэтгэл санааны дарамт учруулах, хүч хэрэглэх, хууль бус шаардлага тавих зэрэг хүний эрхийн зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлыг хөндөж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, эрх бүхий байгууллагад гомдол, мэдээлэл гаргах эрх, боломж болон хүний эрхийг хамгаалахад алба хаагч бүрийн хүлээх үүрэг, оролцооны талаар мэдээлэл солилцов.
Энэхүү сургалт нь цэргийн алба хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх зарчмыг төлөвшүүлэх, цэргийн албаны орчинд хүний эрхийн зөрчил, гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн юм.