Complaint

Rights Categories

Legally protected rights. Click each to see details and related news.

All Иргэний болон улс төрийн эрх Эдийн засаг, нийгэм, соёлын эрх Бүлгийн эрх

Бэлгийн цөөнхийн эрх

Хүн бүр төрөлхийн онцлог байдлаараа дахин давтагдашгүй бөгөөд угсаа гарал, арьс үндэс, шашин шүтлэг, хэл, соёл, хүйс, нийгмийн байдал, улс төрийн үзэл бодол, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл зэрэг олон зүйлээрээ ялгаатай. Бэлгийн чиг баримжаа гэдэг нь хүмүүс өөр хоорондоо бие махбод, сэтгэл санаа, бэлгийн дур хүсэл, зан үйл болон хайр дурлалаар тамагдах явдал юм. Хүний бэлгийн чиг баримжааг "гетеросексуал" буюу эсрэг хүйсийнхээ хүнд тамагддаг, "гомосексуал" буюу ижил хүйсийнхээ хүнд тамагддаг,"бисексуал" буюу эр, эм хүйсийн хүний аль алинд нь тамагддаг хүн гэж ангилдаг. "Хүйсийн баримжаа илэрхийлэл" гэж хүн бүр хувь хүний үүднээс өөрийн хүйсээ төрөхөд өгөгдсөн хүйстэйгээ адилаар эсвэл өөрөөр гүн гүнзгий мэдрэх мэдрэмж, хүйсийн шилжилт, хувцаслалт, үг яриа, биеийн хөдөлгөөн гэх мэт илэрхийллийг багтаасан ойлголт хэмээн тодорхойлдог. Хүмүүс эрэгтэй, эмэгтэй байхаасаа үл хамаарч ижил хүйсийнхээ, эсвэл эрэгтэй, эмэгтэй хүний аль алийг нь сонирхон тэдэнд тамагдаж, хүсэн тэмүүлж, хайрладаг бөгөөд ийм хүмүүсийг бэлгийн ижил чиг баримжаатай хүмүүс буюу Лесбиян, гей, бисексуал, трансжендэр хүмүүс (ЛГБТ) гэж нэрлэдэг. 19 дүгээр зуунаас барууны орнуудад лесби, гей, бисексуал болон трансжендер хүмүүсийг цөөнхийн бүлэг гэдгээр ойлгох болж, олонд ил болж эхэлжээ. ЛГБТ хүмүүс зөвхөн орчин цагт бий болоогүй ба хүн төрөлхтний түүхийн бүхий л үед ил, далд байдлаар амьдарч ирсэн юм. Тухайн хүний бэлгийн дур хүсэл нь өөрийн сонголтын асуудал биш, харин тухайн хүний төрөлхийн, өөрчлөх боломжгүй шинж чанар гэдгийг анагаах ухаан гэх мэт шинжлэх ухааны бүхий л баримтаар тодорхойлсон байна. Одоо хэрэглэгдэж буй Лесби, Гей, Бисексуал, Трансжендер гэх товчлол нь эдгээр хүмүүсийн ижил шинж байдлыг нэгтгэж байгаа явдал юм. Лесбиян: Эмэгтэй хүнд тамагддаг эмэгтэй хүн (энэ үг дан эмэгтэйчүүд амьдарч байсан эртний Грекийн "Лесбос" арлын нэрээс гаралтай), Гей: Эрэгтэй хүнд тамагддаг эрэгтэй хүн. Бисексуал: Эрэгтэй, эмэгтэй хүний аль алинд нь тамагддаг хүн ("би" нь хоёр гэсэн утгатай Ламин үг);Трансжендэр: Эхээс төрсөн биологийн хүйсээсээ өөрөөр өөрийн хүйсийг тодорхойлж нийгмийн амьдралд оролцдог хүн. Тухайлбал, эрэгтэй хүн болж төрсөн ч өөрийгөө эмэгтэй, эсвэл эмэгтэй хүн болж төрсөн ч өөрийгөө эрэгтэй гэж тодорхойлж илэрхийлдэг хүн. Өөрөөр хэлбэл, тэд өөрсдийгөө "буруу хүйс"-тэй төрчихсөн гэж үздэг. Ихэнх нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тоо бараг тэгш байхад, "хараам" бүлэгт орох эмэгтэйчүүдийн нийгмийн байр сууринаас үүдэн зарим нэг хүмүүс (феминист болон Эмэгтэйчүүдийн эрхийн хөдөлгөөнүүд) эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурийг цөөнхийн бүлэгтэй тэнцүүлж үздэг. Түүнчлэн, янз бүрийн жендэрийн ялгаатай хүмүүс цөөнхийн бүлгийг бүрдүүлдэг.

Details

Дүрвэгсдийн эрх

“Хүн бүр аливаа орныг, түүний дотор эх орноо орхин явах эрхтэй. ” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 12 дугаар зүйлийн 2 дахь заалт) Иргэний дайн, олон улсын зэвсэгт мөргөлдөөн, олныг хамарсан байгалийн гамшигт үзэгдлийн үед дүрвэгсдийн тоо ямагт нэмэгддэг. Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдсан цагаасаа эхлэн Дэлхийн II дайны улмаас хохирогч болж, дүрвэж байсан хүмүүст туслах, эрхийг нь хамгаалах үйл ажиллагааг өргөнөөр явуулж эхэлсэн байдаг. Дүрвэгсдийн нөхцөлийн талаарх конвенцыг Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1951 онд батлах үед дэлхий дээр ойролцоогоор нэг сая дүрвэгч байсан бол одоо гуч орчим саяд хүрсэн байна. Энэ конвенц нь дүрвэгчийг тодорхойлсон эрх зүйн үндсэн баримт бичиг болохоос гадна тэдний эрх, түүнийг хамгаалах талаар заасан. Анх 1951 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө Европын нутаг дэвсгэрт болсон үйл явдлын үр дүнд дүрвэгч болсон хувь хүмүүст хамаарч, Дэлхийн II дайнаас болон дайжсан хүмүүсийг эргэн төвхнөхөд дэмжих зорилготой байсан. Энэ конвенцын нэмэлт өөрчлөлт бүхий 1А(2) дугаар зүйлд дүрвэгч гэдэг нь "арьс үндэс, шашин, иргэний харьяалал, тодорхой нийгмийн бүлгийн гишүүн буюу улс төрийн үзэл бодлын улмаас мөрдөн мөшгөгдөж байсан айдас бүхий, өөрийн харьяалах улсын гадна байгаа, тухайн улсын хамгаалалтыг үл хүсэж байгаа, эсвэл иргэний харьяалалгүй буюу тус үйл явдлаас шалтгаалан өөрийн байнга оршин сууж байсан улсын гадна байгаа буюу ийм айдастай, буцахыг хүсэхгүй байгаа этгээдийг хэлнэ" гэжээ. Харин дээрх конвенцын 1Е дүгээр зүйлийн дагуу дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын зорилго, зарчмын эсрэг үйлдэл хийсэн хүнд энэ нь хамаарахгүй байна. Дүрвэгчид гадаадын иргэний нэгэн адил эрх эдлэх бөгөөд Дайны цагт энгийн хүмүүсийг хамгаалах тухай Женевийн дөрөвдүгээр конвенцын дагуу дүрвэсэн, дайжсан хүмүүсийг хамгаалах төдийгүй харьяалалгүй хүний талаарх Нэгдсэн Үндэстний Байгууллагаас баталсан 1954 оны Харьяалалгүй хүмүүсийн нөхцөлийн талаарх конвенц, 1961 оны Харьяалалгүй байдлыг бууруулах тухай конвенцын дагуу олон харьяалалгүй хүн дүрвэгчдэд хамаарна. Мөн 1967 онд баталсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Газар нутгийн орогнолын тухай тунхаглалыг ашиглах боломжтой ч заавал биелэгдэх шинжгүй эрх зүйн баримт бичиг билээ.

Details

Үндэстний цөөнхийн эрх

“Угсаатан, шашны ба хэлний цөөнх оршдог орнуудад эдгээр цөөнхөд багтдаг хүмүүст тухайн цөөнхийн бусад гишүүний хамтаар өөрийн соёлыг эзэмших, шашнаа шүтэх, ёслолоо үйлдэх, түүнчлэн эх хэлээрээ ярих эрхийг хорьж болохгүй. ” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 27 дугаар зүйл) Үндэстний цөөнх гэдэг нь тухайн улсын хүн амын дийлэнхтэй харьцуулахад тооны хувьд цөөнх болох хэл, арьсны өнгө, соёл иргэншлийнхээ хувьд ялгарах, өөрсдийн өвөрмөц байдлыг хадгалах хүсэл эрмэлзэл бүхий тодорхой бүлэг хүмүүсийг хэлнэ. Ихэнх улс оронд угсаатны болон хэлний цөөнх бий. Тэдний амьдралын хэв маяг, хэл, соёл болон үндэс угсаа нь олонхоос ялгаатай. Цөөнхийн нийгэмд эзлэх байр суурийг дан ганц тооны харьцаагаар тооцохгүй, мөн тэдний улс төрд эзлэх эрх мэдлээр тодорхойлно. Зарим газруудад, тухайлбал арьс өнгөөр ялгаварлан гадуурхагддаг Өмнөд Африк дахь үндэсний хараам цөөнх нь өөрөө тооны хувьд олонх цөөнхийн бүлгийг бүрдүүлдэг. Түүнчлэн, "уламжлалт" (удаан хугацааны оршин суугч) цөөнхөд цагаачид, уугуул иргэд болон өөрсдийн газар нутаггүй нүүдэлчид орно. Олон улсын эрх зүйд үндэстний (угсаатны) цөөнх гэх тодорхойлолт байдаггүй. Гагцхүү Европын Бүсийн болон Цөөнхийн хэлний тухай Европын Тунхаг болон Европын Зөвлөлийн Парламентын Ассамблейн Тогтоол 1201 (1993 оны)-д тодорхойлсон байна. Гэсэн ч онолын хувьд үндэстний цөөнх гэж дараах бүлэг хүмүүсийг хэлнэ. Үүнд: Тухайн улсын бусад хүн амаас тооны хувьд бага Дийлэнх байр суурийг эзлээгүй Тухайн улсын хүн амын олонхоос соёл, хэл, шашин шүтлэг, арьс өнгө зэргээр ялгаамай Цөөнхийн бүлгийн гишүүд нь өөрсдийн онцлог байдлыг хадгалах хүсэл эрмэлзэлтэй Цөөнхийн бүлгийн гишүүд нь тухайн амьдарч буй орондоо цөөнх гэсэн нийгмийн байр суурьтай бөгөөд тухайн улсынхаа иргэншилтэй Удаан хугацааны туршид тухайн газар нутагт амьдарч ирсэн хүмүүсийг хэлнэ. Олон улсын хүний эрхийн эрх зүйд үндэстний болон угсаатны цөөнхийн эрхийг хэд хэдэн аргаар хамгаалдаг ба үүний нэг өөрийгөө тодорхойлох эрх юм. Үндэстний (угсаатны) цөөнхийн эрхийг хамгаалдаг байдлаараа Европын орнууд дээгүүр ордог. Монгол улсад үндэстний цөөнхийн 2 том төлөөлөл оршин амьдардаг ба казах, тува (цаатан) үндэстнүүд өөрийн хэл, соёл, зан заншил, шашин шүтлэг, угсаатны цөөнхөө өнөөдрийг хүртэл хадгалж ирсэн байна.

Details

Хөгжих эрх

1980-д оноос "Хөгжих эрх" хэмээх ойлголт олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд хэрэглэгдэх болсон бөгөөд өнөөг хүртэл олон тооны маргаан мэтгэлцээн, ялгаатай байр суурийг агуулж байна. Уг ойлголт нь нэр томьёоны хувьд анх 1981 онд "Хүний ба ард түмний эрхийн тухай Африкийн дүрэм"-ийн 22 дугаар зүйлд тусгагдсан гэж үздэг. Гэвч НҮБ-ын дүрэм, Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон бусад олон улсын хүний эрхийн гэрээ конвенцуудад хөгжих эрхийн зарчим, үзэл санаа нь агуулгын хувьд бүрэн туссан гэж судлаачид үздэг байна. Улмаар 1986 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 41/128 тоот тогтоолоор "Хөгжих эрхийн тухай тунхаг" батлагдан гарснаар олон улсын хүний эрхийн эрх зүйн тогтолцоонд өргөнөөр хэрэглэгдэх болсон гэж үздэг. Хүний хөгжлийн гол үзэл санаа бол хувь чадвартай, бололцоотой байснаар эрхээ эдэлж, цаашид хөгжинө гэдэгт үндэслэдэг бол хөгжих эрх нь тэрхүү чадвар бололцоо нь зөвхөн хувь хүний биш, харин бүлгийн, нийтийн эрхээ эдлэх үндэс суурь болох ёстой гэсэн байдлаар хандаж тайлбарладаг. "Хөгжих эрхийн тухай тунхаглал"-д "Хөгжил гэдэг нь нийт иргэд, хувь хүмүүсийн идэвх, чөлөөт оролцоонд үндэслэн гарч буй үр ашгийг шударгаар хуваарилах, бүх нийтийн сайн сайхан байдлыг хангах зорилго бүхий улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын цогц үйл явц мөн" хэмээн тодорхойлсон байдаг. Үүний хамт Венийн тунхаглал болон үйл ажиллагааны хөтөлбөр (1993), Хүрээлэн буй орчин, хөгжлийн талаарх Риогийн тунхаглал (1992), Уугуул хүмүүсийн эрхийн тухай тунхаглал (2007) зэрэгт хөгжих эрхийн үзэл санаа нь илүү тодорхой зарчмууд болон тусгагдсан байна. Эдгээр баримт бичгүүдэд хөгжлийн төвд хүнийг тавихын хамт хөгжил нь өөрөө хүн эрх, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдлэх нөхцөл, үндэс болохыг онцлон тэмдэглэдэг. Ялангуяа хөгжилд хүрээгүйгээс, хөгжих нөхцөл бүрдээгүйгээс болж, хүн эсхүл нийгмийн бүлэг эрхээ эдэлж чадахгүй байгаа нь өнөөгийн хөгжлийн түвшинд зөвтгөх аргагүй зүйл хэмээн үздэг. Хөгжих эрхийн тухай асуудлыг анх Өмнөдийн улс орнууд ихээхэн дэмжиж байсан. Энэ нь үнэн хэрэгтээ дэлхийн Өмнөд ба Умардын улс орнуудын хоорондын харилцан тэнцвэртэй худалдаа, эдийн засгийн харилцаа тогтоох эрэл хайгуулын үр дүн гэж тайлбарлах нь бий. Нөгөө талаас хөгжлийн туслалцаа нь хөгжингүй орнуудын үүрэг хариуцлага болон үлдэх бус харин хөгжлийн хувьд тухайн улс орны төр засаг гол үүрэг хариуцлагыг хүлээж, харин бусад орнууд энэхүү хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах ёстой гэдэгт "Хөгжих эрхийн тухай тунхаглал" үндэслэдэг. Тиймээс уг тунхаглалд заасанчлан улс орнууд хөгжилд хүрэхийн тулд, түүний үр шимийг илүү ахиу хүртэхийн тулд, эсхүл хөгжилд тээг болж буй бэрхшээл, саад тотгор бүхнийг даван туулахын тулд харилцан бие биедээ тусалж, хамтран ажиллах ёстой гэсэн үзэл санааг агуулдаг. Аливаа засаглал цөөн хэсэг хүмүүсийн төлөө бус, нийтийн төлөө, түүний дотор эмзэг, амьдрал дорой бүлгийнхэн, үндэсний цөөнх зэрэг эрсдэлд учраад буй хүмүүсийн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлдэг байх нь энэхүү хандлагын нэгэн үнэт чанар юм. Тиймээс хүний эрхийг хуулиар баталгаажуулж, хүний эрх, эрх чөлөө, нэр төрд халдах аливаа үйлдэл, халдлагаас хамгаалах нь төрийн гол чиг үүрэг болохыг улс орнууд хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ үүргийн биелэлт нь олон улсын харилцааны нэгэн чухал үзүүлэлт болжээ. Хөгжих эрхийн тухай үзэл санаа нь зөвхөн өнөө үе төдийгүй хойч үеийнхэнд ч эрхээ эдлэх, хөгжих бололцоо байх ёстой гэдэгт үндэслэдэг. Тиймээс ч Хүрээлэн буй орчин, хөгжлийн талаарх Риогийн тунхаглал (1992)-ын гурав дахь зарчим нь "Хөгжих эрх нь өнөөгийн болон хойч үеийнхний хөгжлийн болон байгаль орчны хэрэгцээ нь харилцан тэнцвэртэйгээр хангагдахуйцаар хэрэгжих ёстой" хэмээн заасан байна.

Details

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх

Дэлхийн хүн амын 10 хувь орчим нь буюу650 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй гэсэн тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан. Энэ тоон дээр хөгжлийн бэрхшээлтэй хэн нэгэн дотнын хүнээ харж хандахын тулд суралцаж, хөдөлмөрлөж, нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцож чадахгүй байгаа гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдын тоог нэмбэл ойролцоогоор 2 тэрбум орчим хүн хөгжлийн бэрхшээлээс үүдсэн асуудалтай амьдардаг байна. Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо мөн өсөн нэмэгдэж байна. Нөгөө талаас, ядуурал, байгалийн гамшиг, тогтворгүй байдал, осол гэмтэл, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд гарсан алдаа дутагдлаас хүн хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол өссөөр байна. Ялангуяа, ийм байдал хөгжлөөр буурай болон хөгжиж буй улс орнуудад харьцангуй өндөр хувьтай байдаг. Дэлхийн аль ч улс оронд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмээс тусгаарлагдсан, хязгаарлагдмал орчинд амьдарч байна. Тэд бусдын адил амьдрах, хийж бүтээх хүсэл, тэмүүллээр дүүрэн байдаг боловч сурах, хөдөлмөрлөх, нийгмийн үйл хэрэгт оролцох, найзалж нөхөрлөх, гэр бүл зохиох, үр хүүхдээ өсгөх найдвар бага, эмнэлэг, сургууль, дэлгүүрээр үйлчлүүлэх, тээврийн хэрэгслээр зорчих, хэрэгцээтэй мэдээллээ бүрэн дүүрэн хүлээж авах боломж хязгаарлагдмал амьдарч байна. Амьдралын хүнд хэцүү нөхцөл, хоол хүнсний дутагдал, эмнэлгийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүйгээс ядуу хүн хөгжлийн бэрхшээлтэй болох нь элбэг байхад сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх боломж, орчин хязгаарлагдмал учраас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олонх нь ядуу амьдарч байна. Нийгмийн бусад гишүүдийн үл тоомсорлол, боломж, чадавхыг үгүйсгэх хандлагын улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх зөрчигдөхөд хүрч байна. Өнгөрсөн хугацаанд дэлхийн улс орнуудад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн харилцаанд эрүүл иргэдийн нэгэн адил оролцох эрхтэй болохыг нь үл хүлээн зөвшөөрч, тэднийг гагцхүү "төрийн тусламж, дэмжлэг хүртэгч", "эмнэлэг, нийгмийн халамжийн үйлчилгээний объект" мэтээр хандаж ирсэн. Ийм ч учраас утга зохиол, соёл урлаг, нийгмийн шинжтэй сурталчилгаанд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг өрөвдөж энэрэх, туслахыг уриалсан өнгө аяс зонхилж, харин сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгмийн амьдралд оролцохыг нь дэмжих, тэгш боломжийг бий болгох утга агуулга төдийлөн хөндөгддөггүй байв. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тохуурхах, нэр төрийг доромжлох, элдэв нэр хоч өгөх, цэрвэх, цээрлэх хандлага ч нийгэмд байдгийг үгүйсгэх аргагүй. Хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээсээ ичиж зовох, ил гаргахаас нуух нь бидний эргэн тойрон байдаг асуудал боловч ингэснээрээ тэдгээр дотны хүмүүсийнхээ "хүн хэмээх" эрхэм чанарыг үгүйсгэж байгаа болохоо хүмүүс тэр бүр анзаардаггүй. Тэргэнцэртэй, таягтай гэх зэргээр хүнийг нь биш, тусгай хэрэглэгдэхүүн, согогоор онцлон нэрлэж, тахир дутуу гэх мэт нэр томьёогоор дуудах нь ч мөн хүнлэг бус харьцаа болно. Хүн зөвхөн согог, гэмтлийнхээ улмаас хөгжлийн бэрхшээлтэй болдоггүй бөгөөд бие эрхтний согог, гэмтэл нийгмийн орчин, хязгаарлалттай нэгдэн нийлж хөгжлийн бэрхшээлийг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, тэргэнцэр ашигладаг хүн ямар нэг ажил хийх чадваргүйдээ биш, гагцхүү түүний Ажлын байр тэргэнцэртэйгээ орох гарах, ажиллах нөхцөлийг бий болгож чадаагүй учраас тэдний ихэнх нь хөдөлмөр эрхэлж чадахгүй байна. Үүний нэгэн адилаар сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд эрүүл хүүхдүүдийн нэгэн адил суралцах оюуны чадавхгүйдээ биш, харин тэдний сургалтын орчин, гарын авлага, багш байхгүй, сургууль тэдэнд хүртээмжгүйгээс тэр бүр амжилттай суралцаж чаддаггүй. Хөгжлийн бэрхшээл нь нийгмийн орчин, хөгжлийн түвшнээс хамаарч үргэлж өөрчлөгдөн хувьсаж байдаг ойлголт юм. Шинжлэх ухаан, технологийн хөгжлийг дагаад хөгжлийн бэрхшээлтэй хүний тусгай хэрэгцээг хангах тоноглол, хэрэглэгдэхүүн улам бүр боловсронгуй болж байна. Жишээлбэл, сул харааг (хурц миофиа зөвхөн мөрөө л хардаг) нөхөх линзийг хэрэглээнд нэвтрүүлсэн хөгжингүй улс оронд сул хараатай хүнийг хөгжлийн бэрхшээлтэйд тооцохгүй болж байгаа нь хөгжлийн бэрхшээл орчин нөхцөл, улс орны хөгжлөөс хамаарч болохыг харуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний нэр төр, эрхэм чанарыг хүндэтгэн харьцаж, бусадтай адил тэгш эрх эдлэх боломжийг олгох нь хүний эрхийн зарчим юм. Чухам энэ зарчмын үүднээс хөгжлийн бэрхшээлийн асуудалд хандахыг хүний эрхийн хамгаалагчид чухалчилдаг. Азгүй тохиолдлоор хэн нэгэн хөгжлийн бэрхшээлтэй болж болох ч түүнийг золгүй хувь тавилан угтах ёсгүй юм.

Details

Хүүхдийн эрх

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенц, болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд "шүүхийн шийдвэрээр 18 наснаас өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй бүх хүнийг хүүхэд гэнэ" хэмээн тодорхойлсон. Насанд хүрээгүй хүмүүс (хүүхэд) нь бие бялдар, оюун санаа, боловсрол, амьдралын туршлагын хувьд бүрэн гүйцэд төлөвшөөгүй, тусгай хэрэгцээ, хамгаалалт шаардагддаг тул тэдний эрхийг тусгайлан авч үзэж хамгаалдаг. Хүүхдийн эдлэх ёстой эрх, эрх чөлөө, төрөөс болон эцэг эхээс нь үзүүлэх ёстой халамж, үйлчилгээний цогцыг хүүхдийн эрх гэж нэрлэж болно. Нэгдсэн Үндэстний Байгууллагаас хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон тооны гэрээ, конвенцыг батлан гаргасны дотор хүүхдийн эдлэх эрхийг тодорхойлж, баталгаажуулсан хамгийн чухал баримт бичиг нь 1989 онд батлагдсан "Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай" конвенц юм. Энэхүү конвенцод 2012 оны байдлаар 120 орон нэгдэн орсон байна. Монгол Улс уг конвенцод 1990 онд нэгдэн орсон. Монгол Улсад Хүүхдийн эрхийг хамгаалах тухай тусгай хуулийг батлан мөрдүүлж, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиг үүрэг бүхий дагнасан байгууллага (Хүүхдийн төлөө газар, аймаг, нийслэлд хүүхдийн төлөө хэлтэс) үйл ажиллагаа явуулдаг. Мөн хөдөлмөрийн, эрүүгийн байцаан шийтгэх, гэр бүлийн, иргэний, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай зарим хуулиар хүүхдийн эрхийг тусгайлан зохицуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулиар хүүхдийг эрүүл мэнд, оюун санаа, ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлэх хөдөлмөр эрхлүүлэхийг хориглож, хүүхдийн хөдөлмөрийг илүү хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоож өгсөн байдаг. Хүүхдийн эрхийн тухай олон улсын баримт бичгүүд, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар хүүхэд төрмөгцөө бүрдгүүлэх, нэр авах, иргэний харьяалалтай болох, эцэг, эхээ боломжийн хирээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх, амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх, тоглож, наадах, сурч боловсрох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл олж авах, эвлэлдэн нэгдэх, эрх, эрх чөлөөгөө хамгаалах байгууллага байгуулах, тайван замаар хуран цуглах, зохиол бүтээл туурвих, нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдах, хүчирхийлэл, дарамт шахалтаас хамгаалуулах, өөртэй нь холбоотой асуудлыг шийдвэрлэхэд оролцох, шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Олон улсын болон үндэсний баримт бичгүүдэд хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд ашиглах, садар самуунд уруу тамах, садар самууны сурталчилгаанд ашиглах, биеийг нь үнэлүүлэх, зодож шийтгэх, эрүүл мэнд, бие бялдар, оюун санаа, ёс суртахуунд нь сөрөг нөлөө үзүүлэх хөдөлмөр эрхлүүлэхийг хамуу хориглодог.

Details

Эмэгтэйчүүдийн эрх

Эмэгтэйчүүдийн эрх гэдэг нь эмэгтэйчүүдэд шууд болон шууд бусаар хамаарах бүх эрхийг тодорхойлсон ойлголт юм. Үүнд хүйсээр ялгаварлан гадуурхах ба хүчирхийллээс ангид байх, нөхөн үржихүй, улс төр,эдийн засгийн нийгэм, соёл, гэр бүлийн амьдралд эрэгтэйчүүдийн адил тэгш оролцох, хөдөлмөрлөх, сурч боловсрох зэрэг хүний бүхий л эрхүүд хамаарна. Эмэгтэйчүүдийн эрхийг бусад хүний эрхээс онцгойлон авч үзэх нь эмэгтэйчүүдийн бие махбод, физиологийн ялгааг хүлээн зөвшөөрч, ялгаварлан гадуурхахгүй байх, тэднийг хүйсийнх нь хувьд дорд үзэхгүй байх, тэд эрхээ эдлэх боломж бололцоог тэгш бүрдүүлж, эрхийн хэрэгжилтийн баталгааг эрэгтэйчүүдийн адил түвшинд хүргэх явдал юм. Эмэгтэйчүүдийн эрхийн баталгааг хангах чиглэлээр олон улсын олон тооны гэрээ, конвенцууд батлагдан гарснаас хамгийн чухал нь Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай Конвенц юм. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1979 оны 12 дугаар сарын 8-ны өдөр уг конвенцыг баталж 1981 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүчин төгөлдөр болсон ба Монгол Улс 1981 онд нэгдэн орж түүний Нэмэлт Протоколыг 2001 оны 12 дугаар сарын 14-ний өдөр соёрхон баталсан. Энэхүү конвенц нь дэлхийн өнцөг булан бүрд эмэгтэйчүүд эрхээ эдлэх боломж, бололцоо харилцан адилгүй, эмэгтэйчүүдийг алагчлах үзэл оршсоор байгаа өнөө үед эмэгтэйчүүдийн эрхийг бусад хүний эрхээс тусгайлан баталгаажуулж, эмэгтэйчүүдэд хамаарах хүний эрхийн асуудлыг иж бүрэн, цогц байдлаар баталгаажуулж өгснөөрөө чухал ач холбогдолтой баримт бичиг болсон юм. Ялангуяа эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хоорондын тэгш эрхийн үндсэн зарчим, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах явдлыг устгах тухай зарчмуудыг хэрэгжүүлэх, энэ зорилгоор ялгаварлан гадуурхах бүх хэлбэр, илрэлийг устгахад шаардагдах арга хэмжээг тусгаж өгснөөрөө чухал баримт бичигт тооцдог. Эмэгтэйчүүдийн эрхийг уг конвенцоор баталгаажуулж өгснөөрөө эмэгтэйчүүдийн эрхийн тухай олон нийтийн ойлголтыг улам өргөжүүлж, эмэгтэйчүүдийг үндсэн эрхээ эдлэхэд нь саад тотгор болж буй соёл зан заншилд нөлөөлөх эрх зүйн үндсийг бий болгосон юм. Монгол Улс Эмэгтэйчүүдийн эрхийг хангах тухай төрийн бодлогыг 1924 оны анхдугаар Үндсэн хуулиас эхлэн одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй "Үндсэн хууль" болон Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон бусад хуулиар баталгаажуулж өгсөн. 1996 онд УИХ-аас баталсан Монгол Улсын төрөөс баримтлах хүн амын бодлогод эмэгтэйчүүдийн эрх, хамгааллын асуудлыг тусгай бүлэг болгон авч үзсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газраас "Эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах Үндэсний хөтөлбөр" (1996-2002), "Жендэрийн тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөр" (2002-2015), "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр"-ийг тус тус батлан хэрэгжүүлж байна. Түүнчлэн охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр Монгол Улс "Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенц"-д 2008 онд нэгдэн орсон бөгөөд "Хүн худалдах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах Үндэсний хөтөлбөр"-ийг батлан хэрэгжүүлж байна.

Details

Цөөнхийн бүлгийн эрх

"Цөөнхийн бүлэг" хэмээх нэрийг янз бүрийн нөхцөл байдалд болон түүхэн хөгжлийн явцад өөр өөр утгаар хэрэглэдэг. Ерөнхийдөө, нийгмийн шинжлэх ухааны салбарт, "цөөнх" гэх нэр томьёог нийгэмд цөөн байр суурь эзлэх хүмүүсийг олонхоос ялгаж үзэхэд хэрэглэдэг. "Цөөнхийн бүлэг" гэх нэр томьёо нь 20 дугаар зуунд түрэн гарч ирсэн иргэний эрх болон хамтын эрхийн тухай яригдах болсноор өргөн хэрэглэгдэх болжээ. Цөөнхийн бүлгийн гишүүдийн амьдарч буй улс орон, нийгэм тэдэнд өөр өөрөөр ханддаг. Энэхүү хандлага нь тухайн хувь хүний ололт амжилтыг эс харгалзан, цөөнхийн бүлгийн гишүүдийг хүлээж авах хувь хүний хандлагаас шууд хамааралтай бөгөөд олонх тохиолдолд ялгаварлан гадуурхалтад хүргэдэг. Социологич Луи Вирт цөөнхийн бүлгийг "бие махбодын болон соёлын онцлогоосоо болж тухайн амьдарч буй нийгэм нь тэдэнд ялгавартай, тэгш бус байдлаар хандаж, нийгэмдээ бусдаас ялгагдсан хэсэг бүлэг хүмүүс" гэж тодорхойлсон байдаг. Энэхүү тодорхойлолтод объектив болон субьектив хоёр шалгуур зэрэг багтана. Үүнд: хувь хүний бие махбодын болон биеэ авч явах шинж байдалд тулгуурлан, нийгэм тухайн хүнийг цөөнхийн бүлгийн гишүүн гэж бодитойгоор авч үздэг. Мөн цөөнхийн бүлгийн гишүүд бүлгийнхээ өвөрмөц шинж байдал, хамтын эв нэгдэл дээр тулгуурлан өөрсдийн нийгэмд эзлэх байр сууриа илэрхийлж болох ба энэ нь субьектив байдлаар илэрдэг. Нийгэм дэх ялгаа гэдэг нь нэг юм уу түүнээс дээш хувь хүний онцлог шинж дээр тулгуурласан, тухайлбал, үндэс угсаа, арьс өнгө, жендер, хөрөнгө чинээ болон хүйсийн илэрхийлэл зэрэг өвөрмөц шинжийг хэлнэ. Тухайлбал, аливаа цөөнхийн бүлэгт харьяалагдах хувь хүний бие махбодын болон биеэ авч явах байдал нь тухайн бүлгийнхээ гишүүдийн үйл байдалтай нийцэж байх бөгөөд бусад гишүүдээс түүнд хандах хандлага нь мөн адил байдаг.

Details