Дэлхийн хүн амын 10 хувь орчим нь буюу650 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй гэсэн тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан. Энэ тоон дээр хөгжлийн бэрхшээлтэй хэн нэгэн дотнын хүнээ харж хандахын тулд суралцаж, хөдөлмөрлөж, нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцож чадахгүй байгаа гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдын тоог нэмбэл ойролцоогоор 2 тэрбум орчим хүн хөгжлийн бэрхшээлээс үүдсэн асуудалтай амьдардаг байна.
Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо мөн өсөн нэмэгдэж байна. Нөгөө талаас, ядуурал, байгалийн гамшиг, тогтворгүй байдал, осол гэмтэл, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд гарсан алдаа дутагдлаас хүн хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол өссөөр байна. Ялангуяа, ийм байдал хөгжлөөр буурай болон хөгжиж буй улс орнуудад харьцангуй өндөр хувьтай байдаг.
Дэлхийн аль ч улс оронд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмээс тусгаарлагдсан, хязгаарлагдмал орчинд амьдарч байна. Тэд бусдын адил амьдрах, хийж бүтээх хүсэл, тэмүүллээр дүүрэн байдаг боловч сурах, хөдөлмөрлөх, нийгмийн үйл хэрэгт оролцох, найзалж нөхөрлөх, гэр бүл зохиох, үр хүүхдээ өсгөх найдвар бага, эмнэлэг, сургууль, дэлгүүрээр үйлчлүүлэх, тээврийн хэрэгслээр зорчих, хэрэгцээтэй мэдээллээ бүрэн дүүрэн хүлээж авах боломж хязгаарлагдмал амьдарч байна.
Амьдралын хүнд хэцүү нөхцөл, хоол хүнсний дутагдал, эмнэлгийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүйгээс ядуу хүн хөгжлийн бэрхшээлтэй болох нь элбэг байхад сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх боломж, орчин хязгаарлагдмал учраас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олонх нь ядуу амьдарч байна. Нийгмийн бусад гишүүдийн үл тоомсорлол, боломж, чадавхыг үгүйсгэх хандлагын улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх зөрчигдөхөд хүрч байна. Өнгөрсөн хугацаанд дэлхийн улс орнуудад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн харилцаанд эрүүл иргэдийн нэгэн адил оролцох эрхтэй болохыг нь үл хүлээн зөвшөөрч, тэднийг гагцхүү "төрийн тусламж, дэмжлэг хүртэгч", "эмнэлэг, нийгмийн халамжийн үйлчилгээний объект" мэтээр хандаж ирсэн. Ийм ч учраас утга зохиол, соёл урлаг, нийгмийн шинжтэй сурталчилгаанд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг өрөвдөж энэрэх, туслахыг уриалсан өнгө аяс зонхилж, харин сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгмийн амьдралд оролцохыг нь дэмжих, тэгш боломжийг бий болгох утга агуулга төдийлөн хөндөгддөггүй байв.
Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тохуурхах, нэр төрийг доромжлох, элдэв нэр хоч өгөх, цэрвэх, цээрлэх хандлага ч нийгэмд байдгийг үгүйсгэх аргагүй. Хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээсээ ичиж зовох, ил гаргахаас нуух нь бидний эргэн тойрон байдаг асуудал боловч ингэснээрээ тэдгээр дотны хүмүүсийнхээ "хүн хэмээх" эрхэм чанарыг үгүйсгэж байгаа болохоо хүмүүс тэр бүр анзаардаггүй. Тэргэнцэртэй, таягтай гэх зэргээр хүнийг нь биш, тусгай хэрэглэгдэхүүн, согогоор онцлон нэрлэж, тахир дутуу гэх мэт нэр томьёогоор дуудах нь ч мөн хүнлэг бус харьцаа болно. Хүн зөвхөн согог, гэмтлийнхээ улмаас хөгжлийн бэрхшээлтэй болдоггүй бөгөөд бие эрхтний согог, гэмтэл нийгмийн орчин, хязгаарлалттай нэгдэн нийлж хөгжлийн бэрхшээлийг үүсгэдэг.
Өөрөөр хэлбэл, тэргэнцэр ашигладаг хүн ямар нэг ажил хийх чадваргүйдээ биш, гагцхүү түүний Ажлын байр тэргэнцэртэйгээ орох гарах, ажиллах нөхцөлийг бий болгож чадаагүй учраас тэдний ихэнх нь хөдөлмөр эрхэлж чадахгүй байна. Үүний нэгэн адилаар сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд эрүүл хүүхдүүдийн нэгэн адил суралцах оюуны чадавхгүйдээ биш, харин тэдний сургалтын орчин, гарын авлага, багш байхгүй, сургууль тэдэнд хүртээмжгүйгээс тэр бүр амжилттай суралцаж чаддаггүй.
Хөгжлийн бэрхшээл нь нийгмийн орчин, хөгжлийн түвшнээс хамаарч үргэлж өөрчлөгдөн хувьсаж байдаг ойлголт юм. Шинжлэх ухаан, технологийн хөгжлийг дагаад хөгжлийн бэрхшээлтэй хүний тусгай хэрэгцээг хангах тоноглол, хэрэглэгдэхүүн улам бүр боловсронгуй болж байна. Жишээлбэл, сул харааг (хурц миофиа зөвхөн мөрөө л хардаг) нөхөх линзийг хэрэглээнд нэвтрүүлсэн хөгжингүй улс оронд сул хараатай хүнийг хөгжлийн бэрхшээлтэйд тооцохгүй болж байгаа нь хөгжлийн бэрхшээл орчин нөхцөл, улс орны хөгжлөөс хамаарч болохыг харуулж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний нэр төр, эрхэм чанарыг хүндэтгэн харьцаж, бусадтай адил тэгш эрх эдлэх боломжийг олгох нь хүний эрхийн зарчим юм. Чухам энэ зарчмын үүднээс хөгжлийн бэрхшээлийн асуудалд хандахыг хүний эрхийн хамгаалагчид чухалчилдаг. Азгүй тохиолдлоор хэн нэгэн хөгжлийн бэрхшээлтэй болж болох ч түүнийг золгүй хувь тавилан угтах ёсгүй юм.