“Хүн бүр аливаа орныг, түүний дотор эх орноо орхин явах эрхтэй. ”
(Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 12 дугаар зүйлийн 2 дахь заалт)
Иргэний дайн, олон улсын зэвсэгт мөргөлдөөн, олныг хамарсан байгалийн гамшигт үзэгдлийн үед дүрвэгсдийн тоо ямагт нэмэгддэг. Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдсан цагаасаа эхлэн Дэлхийн II дайны улмаас хохирогч болж, дүрвэж байсан хүмүүст туслах, эрхийг нь хамгаалах үйл ажиллагааг өргөнөөр явуулж эхэлсэн байдаг. Дүрвэгсдийн нөхцөлийн талаарх конвенцыг Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1951 онд батлах үед дэлхий дээр ойролцоогоор нэг сая дүрвэгч байсан бол одоо гуч орчим саяд хүрсэн байна. Энэ конвенц нь дүрвэгчийг тодорхойлсон эрх зүйн үндсэн баримт бичиг болохоос гадна тэдний эрх, түүнийг хамгаалах талаар заасан. Анх 1951 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө Европын нутаг дэвсгэрт болсон үйл явдлын үр дүнд дүрвэгч болсон хувь хүмүүст хамаарч, Дэлхийн II дайнаас болон дайжсан хүмүүсийг эргэн төвхнөхөд дэмжих зорилготой байсан.
Энэ конвенцын нэмэлт өөрчлөлт бүхий 1А(2) дугаар зүйлд дүрвэгч гэдэг нь "арьс үндэс, шашин, иргэний харьяалал, тодорхой нийгмийн бүлгийн гишүүн буюу улс төрийн үзэл бодлын улмаас мөрдөн мөшгөгдөж байсан айдас бүхий, өөрийн харьяалах улсын гадна байгаа, тухайн улсын хамгаалалтыг үл хүсэж байгаа, эсвэл иргэний харьяалалгүй буюу тус үйл явдлаас шалтгаалан өөрийн байнга оршин сууж байсан улсын гадна байгаа буюу ийм айдастай, буцахыг хүсэхгүй байгаа этгээдийг хэлнэ" гэжээ. Харин дээрх конвенцын 1Е дүгээр зүйлийн дагуу дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын зорилго, зарчмын эсрэг үйлдэл хийсэн хүнд энэ нь хамаарахгүй байна.
Дүрвэгчид гадаадын иргэний нэгэн адил эрх эдлэх бөгөөд Дайны цагт энгийн хүмүүсийг хамгаалах тухай Женевийн дөрөвдүгээр конвенцын дагуу дүрвэсэн, дайжсан хүмүүсийг хамгаалах төдийгүй харьяалалгүй хүний талаарх Нэгдсэн Үндэстний Байгууллагаас баталсан 1954 оны Харьяалалгүй хүмүүсийн нөхцөлийн талаарх конвенц, 1961 оны Харьяалалгүй байдлыг бууруулах тухай конвенцын дагуу олон харьяалалгүй хүн дүрвэгчдэд хамаарна. Мөн 1967 онд баталсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Газар нутгийн орогнолын тухай тунхаглалыг ашиглах боломжтой ч заавал биелэгдэх шинжгүй эрх зүйн баримт бичиг билээ.
Холбогдох мэдээ
Тайландын Хаант Улсын Бангкок хотноо албан томилолтоор ажиллалаа
2026.02.16
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд Комиссарын газрын Дүрвэгсдийн эрх хамгааллын ахлах зохицуулагч Жулиа Зажковскитой санал солилцлоо
2023.11.16
ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа: ОХУ-ын иргэд Монгол Улсад ОРОГНОЛ хүсэх ЭРХТЭЙ
2022.09.26