Гомдол
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд Комиссарын газрын Дүрвэгсдийн эрх хамгааллын ахлах зохицуулагч Жулиа Зажковскитой санал солилцлоо

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд Комиссарын газрын Дүрвэгсдийн эрх хамгааллын ахлах зохицуулагч Жулиа Зажковскитой санал солилцлоо

2023.11.16 1126
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг нар НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд Комиссарын газрын Дүрвэгсдийн эрх хамгааллын ахлах зохицуулагч Жулиа Зажковскиг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч уулзан, санал солилцлоо.

Монгол Улс нь Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай НҮБ-ын Конвенц /1951 он/ болон тус Конвенцийн 1967 оны Нэмэлт протоколд нэгдэн ороогүй ч хүмүүнлэгийн эрх зүйн үүднээс хил зөрчсөн дүрвэгсэдтэй холбоотой ямар нэгэн асуудалд хүний эрхийн үүднээс анхаарч ажиллаж байгааг илэрхийлэхийн сацуу дүрвэгсдийн эрхийг хамгаалах асуудлаар НҮБДДКГ-тай хамтарч ажиллах боломжтойг Комисс онцлов.

Хатагтай Жулиа Зажковскигийн зүгээс талуудын урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа уламжлаад дүрвэгсдийн эрхийн асуудалд стратеги төлөвлөгөө гарган ажиллахаар судалж байгаа бөгөөд энэ хүрээнд дүрвэгсдэд ажил хөдөлмөр эрхлэх боломж олгох, тэдний үр хүүхдийн боловсрол эзэмших, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломж бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаа дурдав. 

Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлт болон нийтийг хамарсан гамшиг ослын үед хүний эрхийг хамгаалж ажиллах, тэр дундаа дүрвэгсдийн эрхийг хангах, хамгаалахад чиглэлийн сургалтыг хилийн боомт болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын дунд зохион байгуулах, дүрвэгсдийн талаарх нэгдсэн тоо бүртгэлтэй болох, уг бүртгэлд тулгуурласан дүн шинжилгээг тогтмол хийж, улмаар тэдний эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, гарц эрэлхийлэх, дүрвэгсдийн хувийн мэдээллийг чандлан хамгаалах, тэдний аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлаар ярилцлаа.