Гомдол
Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд албадан хөдөлмөр, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний асуудлыг сурвалжлах арга зүйн мэдлэг, ойлголтоо дээшлүүллээ

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд албадан хөдөлмөр, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний асуудлыг сурвалжлах арга зүйн мэдлэг, ойлголтоо дээшлүүллээ

2024.01.19 445
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтарч хэвлэл мэдээллээр дамжуулан албадан хөдөлмөрийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах талаар сурвалжлах нь” сургалтад хамрагдсан сэтгүүлч, хэвлэл мэдээлийн ажилтнуудад өнөөдөр /2024.01.19/ гэрчилгээ гардууллаа.

2024 оны 01 дүгээр сарын 17-ноос 19-ны хооронд зохион байгуулсан тус сургалтыг ОУХБ-аас анхлан боловсруулж, Монгол Улсын нөхцөлд нийцүүлэн шинэчилсэн “Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах талаар сурвалжлах нь: Сэтгүүлчдэд зориулсан гарын авлага”-ын дагуу зохион байгуулсан юм.

Гэрчилгээ гардуулах арга хэмжээнд ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Үндэсний зохицуулагч П.Болормаа, ОУХБ-ын зөвлөх Чарльз Аутемэн болон албаны бусад төлөөлөл оролцож, оролцогчдод амжилт хүсээд хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэлд бүхий л нөөц боломжоор дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

Сургалтыг ОУХБ-ын зөвлөх Чарльз Аутемэн, Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим, эрхийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Барати Флюг, Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим, эрхийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Ариунаа, зөвлөх Ж.Оюунцэцэг, З.Энхбаяр нар албадан хөдөлмөр, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн, ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангахтай холбоотой үндсэн ойлголт, нэр томьёо, албадан хөдөлмөрийг тодорхойлох ОУХБ-ын шалгуур үзүүлэлт цаашлаад мэдээ, мэдээлэл, нийтлэл, сурвалжилга бүтээх явц дахь сэтгүүл зүйн үндсэн зарчим, ёс зүй зэрэг асуудлаар мэдээлэл өгсөн юм.

Монгол Улс нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенц, Албадан хөдөлмөрийг устгах тухай 105 дугаар конвенцод 2005 онд нэгдэн орсон бөгөөд эдгээр конвенцыг Монгол Улсын хууль тогтоомж, практикт хэрэгжүүлэх чиглэлд хүчин чармайлт гаргаж, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэн ирсэн.

Албадан хөдөлмөртэй тэмцэх үйл ажиллагааны нэг чухал чиглэл нь олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, уг гэмт хэрэгт өртөж хохирохоос сэргийлж, сэрэмжлүүлэх явдал юм. Тиймээс дээрх сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд нь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлд албадан хөдөлмөрийг устгах, таслан зогсооход цаашид хамтран ажиллах боломжтой болж байгаа нь энэхүү сургалтын давуу тал гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.