Гомдол
ХЭҮК Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна

ХЭҮК Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна

2023.12.03 832
Сонсох

Монгол Улс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын Конвенц, түүний нэмэлт протоколыг 2008 онд соёрхон баталж, конвенцын үзэл баримтлал, зарчимд нийцсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 онд батлан хэрэгжүүлж байна.

Комисс нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хэрэгжилтэд хяналт тавих, хамгаалах чиглэлд тогтмол анхаарал хандуулан ажилладаг бөгөөд энэ хүрээнд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний илтгэлд тусгаж, УИХ-аас холбогдох шийдвэр гаргуулах, судалгаа, дүн шинжилгээ хийх, холбогдох хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, гомдол мэдээллийг хүлээн авч барагдуулах, хяналт шалгалт хийж илэрсэн зөрчлийг тухай бүр арилгуулах арга хэмжээг авч байна. 

Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр 2023 онд дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. 

НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХОРООНЫ 29 ДҮГЭЭР ХУРАЛДААНД КОМИССЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ОРОЛЦЛОО

Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2023 оны 08 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай хорооны 29 дүгээр хуралдаанаар Конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын ээлжит 2 болон 3 дугаар тайланг хэлэлцсэн. 

НҮБ-ын Хүний эрхийн хорооны хуралд Хүний эрхийн Үндэсний байгууллагын дэлхийн холбооноос “А” статусаар магадлан итгэмжлэгдсэн үндэсний байгууллага нь бие даасан байр суурь илэрхийлж оролцдог бөгөөд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2003, 2008, 2014, 2021 онд “А” статусаар итгэмжлэгдсэн. 

Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссыг төлөөлж Комиссын гишүүн Г.Нарантуяа тус хуралд оролцож, Комиссын байр суурийг илэрхийлэх үеэрээ Нийслэлийн ерөнхий боловсролын 29 болон 116 дугаар сургуулийн сурагчдын сурч боловсрох, халдашгүй, чөлөөтэй байх, хүнлэг бус, хэрцгий харьцаа, шийтгэлээс ангид байх эрхийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар онцолсон. 

Мөн төрийн бодлогод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал ихэнхдээ орхигддогийг цохон тэмдэглэж, хөдөө орон нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхцөл байдал, амьдралыг мартах ёсгүйг сануулж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хууль зүйн үйлчилгээний хүртээмж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, улс төрийн оролцооны асуудлыг хэлэлцэх нь зүйтэй талаар саналаа илэрхийлж оролцсон юм. 

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 29 БОЛОН 116 ДУГААР СУРГУУЛИУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ, СУРГУУЛИЙН ХҮНИЙ ЭРХИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА

Улсын хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээнээс хамааран боловсролын болон дэмжих үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий 6 сургууль болон 2 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, эдгээрт 2300 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамрагдан суралцаж байна. 2023 оны 2 болон 5 дугаар сард Хүний эрхийн Үндэсний Комиссоос харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургууль, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургуулийн сурагчдын сурч боловсрох, халдашгүй, чөлөөтэй байх, хүнлэг бус, хэрцгий харьцаа, шийтгэлээс ангид байх эрхийн хэрэгжилтэд тус тус хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар Комиссын гишүүний шаардлагыг сургуулийн удирдлагуудад хүргүүлсэн. 

Шалгалтаар анхаарсан хамгийн гол асуудал нь 1965 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр сургуулиуд суралцагчиддаа боловсрол эзэмшүүлж чадаж байгаа эсэх асуудлыг хөндөж, цаашид тогтолцооны хувьд шийдэх асуудал, сургуулиудын хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулахад анхаарсан. 

Мөн төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин бүрдүүлсэн байдал, сургалтын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирох хэрэглэгдэхүүн, сургалтын орчныг бүрдүүлсэн эсэх, сургуулийн орчны аюулгүй байдал, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрын орчин, үйлчилгээнд хяналт шалгалтыг хийж, зарим аймгийн Засаг дарга, сургуулийн удирдлагуудад шаардлага, зөвлөмжийг хүргүүлж, хяналт тавин ажиллаж байна. 

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГӨХ, СУДАЛГАА, ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛУУД ХИЙГДЭЖ БАЙНА

Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2022-2025 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөндөө Хүний эрхийг хангах, хамгаалах төрийн бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд: 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийт 9 санал хүргүүлж, Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт хуулийн зорилтыг тодорхойлохдоо хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд оролцох харилцааг зохицуулах тухай тусгасныг хүрээг илүү тэлж хүн бүр бусдын дэмжлэг, оролцоогүйгээр аливаа үйлчилгээг авах, нийгмийн амьдралд оролцох боломжийн талаар зохицуулах нь илүү зохимжтой гэсэн санал боловсруулж байна. 

Өөрөөр хэлбэл, үйлчилгээ үзүүлж буй ямар ч газарт хүүхэд хуурайлах, хүүхэд хөхүүлэх орчныг бүрдүүлсэн байх нь саадгүй байдал, хүртээмжийн тухай ойлголт байх тухай үзэл баримтлалын шинжтэй санал боловсруулж, хүргүүлэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөлийн боловсруулж буй “Монгол дохионы хэлний тухай хууль”-ийн үзэл баримтлалын төсөл боловсруулах ажлын хэсэгт үзэл баримтлалын төсөл боловсруулахад анхаарах болон тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өгч хамтран ажиллаж байна.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилтийн судалгаа”-г эхлүүлж, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хамгаалах чиглэлд шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын захиалгаар Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран “Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, техникийн болон мэргэжлийн боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдалд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх” судалгааны ажлыг хийсэн. Судалгаагаар сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд хүний эрхийн 4А болох “Хүрэлцээтэй байх, Хүртээмжтэй байх, Хүлээн зөвшөөрөгдсөн байх, Нийцэн зохицох” гэсэн хэмжүүрээр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт, зөвлөмж боловсруулсан. Хналт-шинжилгээ, үнэлгээний тоон болон чанарын судалгаанд нийслэлийн 9 дүүрэг, 5 аймгийн 156 боловсролын байгууллагын 2,683 оролцогч талуудыг хамруулсан. 

БШУЯ, Боловсролын ерөнхий газраас хамтран зохион байгуулсан “Тэгш хамруулах боловсрол” Боловсролын болон дэмжих үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын зөвлөгөөнд Комисс гишүүн Г.Нарантуяа оролцож хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургах бодлого, стратеги, төсөв, олон төрлийн туслах тоног төхөөрөмж, сургалтын материалаар хангах, тэгш хамруулах сургалт үзэл хандлага, сэтгэлгээ, соёлыг сургуулийн нийтийн хамт олон багшлах болон туслах боловсон хүчинд суулгах асуудалд анхаарч ажиллах талаар илтгэл хэлэлцүүлж оролцож, Комиссын байр суурийг илэрхийлж, 2024 дээрх асуудлуудад бодлогын түвшинд хамтран оролцохоор шийдвэрлэсэн. 

 ХЭҮК ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ, ХАМГААЛАХ ЧИГЛЭЛД ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ХИЙСЭН АЖЛУУД

Комисст хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ялгаварлан гадуурхсан талаар 2016 онд 4 удаа, 2017 онд 6, 2018 онд 2, 2019 онд 4, 2020 онд 3, 2021 онд 4, 2023 онд 6, нийт 29 гомдол, мэдээлэл ирснийг тухай бүр шалгаж, шийдвэрлэн, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох чиглэлийн хариу арга хэмжээ авч ажилласан. 

Түүнчлэн 2003-2023 онд нийтдээ 8 удаагийн судалгааны ажлыг гүйцэтгэж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх нийт 8 удаагийн илтгэлд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлыг тусгаж, УИХ-д танилцуулсан бөгөөд УИХ-аас холбогдох тогтоол баталж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлд шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгасан байна.