Гомдол
“Иргэний ёс зүйн боловсрол” сурах бичигт хийсэн дүн шинжилгээний үр дүнг БСШУЯ болон холбогдох байгууллагуудад танилцууллаа

“Иргэний ёс зүйн боловсрол” сурах бичигт хийсэн дүн шинжилгээний үр дүнг БСШУЯ болон холбогдох байгууллагуудад танилцууллаа

2023.10.20 365
Сонсох

Ерөнхий боловсролын сургуулийн зарим сурах бичиг агуулгын алдаатай, зохисгүй үг хэллэг, зураг, дүрслэл ашигласан, сургалтын хөтөлбөрийн агуулгад нийцэхгүй жишээ, баримт хэрэглэсэн, стандартын шаардлага хангахгүй байгаа нь салбарын болон мэргэжлийн байгууллагаас хийсэн зарим судалгааны үр дүнд олонтаа дурдагдсан байдаг.

Тиймээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвсэлтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн 6-8 дугаар ангийн “Иргэний боловсрол”, 9-12 дугаар ангийн “Иргэний ёс зүйн боловсрол” сурах бичигт хүний эрх, жендэрийн үүднээс хийсэн дүн шинжилгээ хийж, үр дүнг төрийн болон төрийн бус байгууллагын холбогдох албан тушаалтан, эрдэмтэн, судлаачдад танилцуулах, санал солилцох хэлэлцүүлгийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид “Боловсролын салбарт тулгамдаж байгаа суурь шалтгааныг шийдвэрлэх шаардлагатай. Тухайлбал: хүүхдэд эрхийг нь мэдрүүлж, үүргийг нь ухамсарлуулж, хариуцлагыг нь ойлгуулах, цаашлаад бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч чаддаг, нийгэмд олон талт амьдардаг гэдгийг ойлгуулах, дадал суулгах, төлөвшүүлэх нь маш чухал. Энэ боловсрол, төлөвшлийг зөвхөн сургалтын хөтөлбөр, сурах бичгээр дамжуулж олгох бус багшийн ур чадвар, гэр бүлийн оролцоо, дэмжлэг хэрэгтэй. Тэгж байж эрх, үүрэг, хариуцлагаа ухамсарладаг иргэнийг төлөвшүүлэх, хөгжүүлэх боломжтой” гэдгийг онцоллоо.

Түүнчлэн дээрх сурах бичигт хийсэн дүн шинжилгээний үр дүнг үндэслэн Комиссын гишүүний зөвлөмж болон хэлэлцүүлгээс гарсан саналыг Боловсрол, шинжлэх ухааны яам болон бусад холбогдох эрх бүхий байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийг хангуулж ажиллана” гэдгийг цохон тэмдэглэв.

“Иргэний ёс зүйн боловсрол” сурах бичигт хийсэн дүн шинжилгээний ажлыг

  • Агуулгын хүрээнд: хүүхдийн эрхийг хүндэтгэх, хүний эрхийг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хүний эрх, үүрэг, хариуцлагын талаар тусгасан байдал, хүчирхийллийг дэмждэггүй байх төлөвшлийг олгох, үндэсний соёл, уламжлалд хэвшмэл ойлголт, өрөөсгөл хандлагыг илэрхийлсэн үг хэллэг, агуулга тусгасан эсэх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, нутгийн аялга үг, хараал, доромж үг, хэллэг хэрэглэсэн эсэх
  • Зураг, дүрслэл, графикийн хүрээнд: зураг дүрслэл дэх хүйсийн болон бусад бүлгийн харьцаа, тэнцвэрт байдлыг хангасан эсэх, үндэсний цөөнх, олон үндэстэн ястан, өөр бүлгийн талаар тусгасан эсэх, зураг дүрслэлийн тайлбар, үгийн сонголт зэргийг шинжилж үзэхэд дараах үр дүн гарлаа.

Үүнд,

-Иргэний ёс зүйн боловсрол сургалтын хөтөлбөрийн агуулга нь иргэний боловсролын талаарх мэдлэгийг орхигдуулсан

-Сурах бичгийн агуулга нь шууд заасан, номлосон, лекц хэлбэрээр байгаа нь сурагчид бие даан үзэл бодлоо илэрхийлэх, олон ургалч үзлийг таниулах, шүүн тунгаасан бүтээлч сэтгэлгээнд суралцах ур чадвараа хөгжүүлэх боломж олгоогүй

-“Монгол хүн бэлгээрээ, хятад хүн мэхээрээ, тангад хүн шидээрээ” гэсэн агуулгаар бичиг үсгийн соёлын түүхийг өгүүлсэн нь агуулгын хувьд тохиромжгүй соёлын хэвшмэл ойлголтыг илэрхийлсэн

-Нийгмийн ялгаатай бүлгүүд, тэдний онцлог ялгааг сэдвийн агуулгын хүрээнд оруулаагүй. Хүний эрх, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар суралцагчдын гэм буруугаа ухаарах, бусдыг хайрлан хүндэтгэх жишээн дээр үндэслэн оруулах боломжуудыг ашиглаагүй

-Гэр бүл төлөвлөлт, хувь хүний ёс суртахууны үнэт зүйлс, нийгмийн үнэт зүйлстэй уялдан хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг агуулсан хичээлийн агуулга, арга зүй, даалгаврууд хомс

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хүнийг нийгмийн халамж хүртэгч, идэвхгүй дүрээр дүрсэлсэн гэх мэт орчин цагийн иргэний зайлшгүй эзэмших ёстой ёс суртахуун болон үнэлэмжийн суурь зарчим, хэм хэмжээг Иргэний ёс зүйн боловсролын хичээлийн сурах бичигт агуулаагүй байна гэж дүгнэжээ.

Иймд хэлэлцүүлэгт оролцогчид тус сурах бичгээр олгож буй сургалтын агуулга, хөтөлбөр, сурах бичгийг олон талын оролцоог хангасан, шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаанд суурилсан байдлаар боловсруулж, сургалтын хөтөлбөрийн сэдэв, агуулга, хамрах хүрээг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна гэж үзлээ.