УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг нарын 20 гишүүн, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан нарын 17 гишүүнээс хүүхдийн эрхийг хамгаалах, хангах асуудлаар, хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой асуудлаар хяналтын сонсгол зохион байгуулах тухай хүсэлтийг Улсын Их Хурлын даргад хүргүүлсэн. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар “Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хүүхдийн эрхийн зөрчлийн нөхцөл байдалтай холбоотойгоор нийгмийн бухимдал өндөр байгаа. Гэхдээ нөхцөл байдлын талаарх бодит мэдээлэл, судалгаатай нийтээрээ танилцсаны дараа шийдлийг зөвшилцөх нь зөв гэдэг байр суурийг илэрхийлэв.

Тиймээс сонсголд иргэдийн оролцоог хангахын зэрэгцээ үзэл бодлоо илэрхийлэх бололцоог бүрдүүлэхэд онцгойлон анхаарахыг санал болгосон. Түүнчлэн хүүхдийн эрхийг хангах, хамгаалах тал дээр Монгол Улсын иргэн бүр үүрэг хүлээж, оролцоотой байх ёстой, нэг нь нөгөөгөөсөө шаардах байдлаар хандаж болохгүй гэв. Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад эцэг, эхийн үүрэг, оролцоо онцгой чухал гэдгийг анхаарах шаардлагын талаар байр сууриа илэрхийллээ.
Ийнхүү Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан санал хураалт явуулснаар Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаар хяналтын сонсголыг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулах, сонсголыг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг даргалах тухай төслийг батлав.
