Гомдол
Хүний хувийн мэдээлэл хамгаалах үйл ажиллагааны сургагч багш бэлтгэх сургалт явууллаа

Хүний хувийн мэдээлэл хамгаалах үйл ажиллагааны сургагч багш бэлтгэх сургалт явууллаа

2023.10.11 663
Сонсох

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, олон нийтэд сурталчлах чиг үүргийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссоос хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, тус хуулийн талаарх мэдлэг, ойлголт өгөх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий сургагч багш бэлтгэх ээлжит сургалтыг 2023.10.10-ны өдөр зохион байгууллаа.      

Сургалтын агуулгыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Бизнес ба хүний эрх” төслийн дэмжлэгтэй PriceWaterhouseCooper (PWC) компанийн хуулийн баг, ХЭҮК-ын Хувийн мэдээлэл хамгаалах хэлтэс хамтран 2023 оны 6-9 сард боловсруулж, доорх сэдвийн хүрээнд сургалт оров.

-      Хүний хувийн мэдээллээ хамгаалуулах эрх, түүний хамгаалалт;

-      Нийтийн мэдээлэл хариуцагч, нийтийн мэдээллийн ангилал, хүний хувийн мэдээллийн уялдаа;

-      Хүний хувийн мэдээлэл хамгаалахад баримтлах зарчим;

-      Төрийн байгууллага хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах;

-      Мэдээллийн эзний эрх болон мэдээлэл хүлээн авах эрх;

-      Хүний хувийн мэдээлэл хамгаалахтай холбоотой гарсан гомдол шийдвэрлэх механизм, хүлээлгэх хариуцлага, төрийн байгууллагуудын оролцоо;

-      Мэдээлэл хариуцагчийн үүрэг, төрийн байгууллагаас хэрэгжүүлэх арга хэмжээ.

Нээлтийн үеэр ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа Европын холбооны GDPR үндэслэж бичигдсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн үйлчлэлийг Монгол Улсад төлөвшүүлэхийн тулд хувийн мэдээллийн төрөл, хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах ажиллагааны онцлог зохицуулалт, энэ харилцаанд оролцогчид, тэдгээрийн эрх, үүргийг Монгол Улсад түгээмэл гардаг жишээ, тохиолдолд үндэслэн, дэлгэрэнгүй ойлгомжтой таниулах шаардлагатай тул сургалтын агуулгыг боловсруулахад ихээхэн хүчин зүтгэл гаргасныг онцоллоо.

Харин Европын Холбооны Суурин төлөөлөгчийн газрын Дэд тэргүүн Кристоф Фора Европын Холбооноос хүний хувийн мэдээллийг хамгаалах нь хүний үндсэн эрхийн нэг бөгөөд тогтвортой ардчиллын амин чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг бөгөөд Монгол Улсад 2022 оны 05 дугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар цахим орчин дахь хувь хүний эрхийг баталгаажуулж, хэрэгжүүлэхтэй холбоотой нарийвчилсан үүрэг, хариуцлага бий болгосныг сайшаан, цагаа олсон сургалт зохион байгуулж байгаад оролцогч талуудад талархал илэрхийлэв.

НҮБХХ-ийн Орлогч Суурин төлөөлөгч Лин Цао Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ой 2023 онд тохиож буйг тодотгоод хүний хувийн мэдээлэл цуглуулах, хадгалах, ашиглахтай холбоотой заалтыг төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагууд дотоод дүрэм, журам, бодлогодоо тусгаж, ажиллах шаардлагатай” гэлээ.

Сургалтад Төрийн албаны зөвлөл, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Монгол банк, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн захиргааны төв байгууллагууд болон тэдгээрийн харьяа агентлагуудаас нийт 32 албан хаагч хамрагдлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулсан бөгөөд сургалт, сурталчилгааны материал, гарын авлага бэлтгэн нийтэд түгээж, мэдээллийн эзэн, мэдээлэл хариуцагч болон боловсруулагч нарын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх юм.