Гомдол

Нэртэй байх эрх

“Хүүхэд төрсөн даруй бүртгэгдэж, нэртэй болох ёстой. ” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 24 дүгээр зүйлийн 2 дахь заалт) Хүн болгон өөрийн нэртэй байх нь хувийн салшгүй эрх юм. Хүний нэр гэдэг нь тухайн улсын ард түмний уламжлал, зан заншлын дагуу хүнийг төрөхөд нь өгч, олон улсын болон үндэсний хууль тогтоомжоор баталгаажуулан түүнийг бусдаас онцгойлон ялгаж байгаа илэрхийлэл юм. Иргэн нэртэй байхыг хуулиар баталгаажуулж байгаа нь түүнийг эрх зүйн харилцаанд оролцох нэг нөхцөлийг хангаж байгаа хэрэг юм. Иргэн өөрийн нэрээр эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Хүүхэд төрсний дараа эцэг, эх эсхүл эрх бүхий этгээд хүүхдэдээ нэр өгч, хуулийн дагуу тодорхой хугацааны дотор бүртгүүлж, баримт бичиг олгоно. Хүүхдэд нэр өгөх, овог сонгох, хүүхдийн эцэг, эхийн нэр авахтай холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ. Хуульд заасан үндэслэлээр иргэн зохиомол нэр хэрэглэх, нэрээ солих эрхтэй. Тухайлбал, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд "зохиогч нь бүтээлээ өөрийн болон зохиомол нэрээрээ эсхүл нэргүйгээр нийтийн хүртээл болгох эрхтэй." гэж зааснаас гадна Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан журмын дагуу иргэн нэрээ солих эрхтэй. Гагцхүү сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдол, хорих ял эдэлж байсан хүний овог, эцгийн нэр, нэр өөрчлөхийг хориглодог байна.