‘Хүн бүр иргэний харьяалалтай байх эрхтэй. Аливаа хуний иргэний харьяалал болон харьяаллаа өөрчлөх эрхийг дур мэдэн цуцлах ёсгүй.”
(Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 15 дугаар зүйлийн 1 дэх заалт)
“Хүүхэд бүр иргэний харьяалалтай болох эрхтэй. ”
(Иргэний улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 24 дүгээр зүйлийн 3 дахь заалт)
“Монгол Улсын иргэний харьяалал хийгээд харьяат болох, харьяатаас гарах үндэслэл, журмыг гагцхүү хуулиар тогтооно. ”
“Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно. ”
(Монгол Улсын Үндсэн хуулийн Арван тавдугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалт)
Иргэний харьяалал бол хүн эрх зүйн этгээд байх урьдчилсан нөхцөл бөгөөд иргэн, тухайн улсын төр хоорондын эрх зүйн харилцаа юм. Хүний эрхийн хороо XVII дугаар Ерөнхий зөвлөмждөө оролцогч улсууд нь "хүүхэд бүр төрмөгц иргэний харьяалалтай байх явдлыг хангах чиглэлээр дотооддоо болон бусад улс орнуудтай хамтран зохистой бүх арга хэмжээг авах" үүрэгтэй гэж үзсэн байна.
Иргэний харьяаллын асуудлыг улс бүр өөрийн тогтоосон зарчмаар тогтоодог. Монгол Улсын тухайд төрснөөр, Монгол Улсын харьяат болсноор, харьяаллыг сэргээн тогтоосноор, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан үндэслэлээр тус тус харьяат болохоор зохицуулсан. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа бөгөөд эцэг, эх нь хоёулаа тогтоогдоогүй хүүхдийг Монгол Улсын харьяат байхаар зохицуулсан нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлж буй нэг хэлбэр юм.
Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуулиар иргэний харьяалалтай байх эрхийг баталгаажуулахын зэрэгцээ Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалд иргэний харьяалал болон харьяаллаа өөрчлөх эрхийг дур мэдэн цуцлахыг хориглож, Үндсэн хуульд Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглосон. Гэвч хүн төрөлхтний эсрэг, олон улсын гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Олон улсын шүүхэд шилжүүлэн өгөх шаардлага олон улсын гэрээгээр гарч болохыг үгүйсгэхгүй. Тухайлбал, Төрлөөр устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай конвенцын 7 дугаар зүйлд хэрэгтнийг шилжүүлж болох тухай заасан. Мөн Олон улсын Эрүүгийн шүүхийн тухай Ромын дүрэмд ч энэ асуудал туссан билээ.
Тухайн улсын нутаг дэвсгэрт байгаа хүмүүс иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй байхаас үл хамаарч тухайн улстайгаа эрх зүйн тодорхой харилцаа үүсгэдэг. Гэвч тодорхой улсын харьяат иргэний эдлэх эрх, хүлээх үүрэг нь тухайн улсад оршин сууж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнээс ялгаатай зохицуулдаг. Тухайлбал, Монгол Улсын иргэний эдлэх эрх, эрх чөлөөг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд шууд заасан бол гадаадын иргэн, харьяалалгүй хүний эдлэх эрх, эрх чөлөөг Монгол Улсын Үндсэн хууль, тухайн улстай байгуулсан гэрээ, олон улсын гэрээгээр тогтоохоор заасан.
Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан эрх, эрх чөлөөг гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эдлүүлэхдээ Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний салшгүй эрхээс бусад эрхийн тухайд үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зохих хязгаарлалт тогтоож болохоор зохицуулсан юм. Олон улсын хүний эрхийн эрх зүйд ч зарим хүний эрхийг тухайн улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүсийн тухайд ялгавартай тогтоож болохыг хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 25 дугаар зүйлд заасан сонгох, сонгогдох, төрийн жинхэнэ алба хаших эрхийг тухайн улсын иргэн л эдлэхээр ялгавартай тогтоож өгсөн.
Гэсэн хэдий ч гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүсийг зохих хязгаарлалт бүхий байдлаар төрийн алба хаах, сонгох эрхээ эдлэхийг үгүйсгээгүй. Жишээ нь, орон нутгийн сонгуульд оролцож сонгох эрхээ эдлэх, тодорхой төрийн албыг хаших зэргийг дурдаж болох юм. Монгол Улсын иргэн цэргийн алба хаах, татвар төлөх нь тэдний хүлээх үндсэн үүрэг бол гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүсийн хувьд энэ үндсэн үүргийг хүлээгээгүй болно.
Эх сурвалж: Хүний эрхийн товч тайлбар ном, УБ 2015 он, 13 дугаар хуудас