Гомдол

Гэм буруугүйд тооцогдох эрх

“Гэмт хэрэгт буруутгагдаж буй хэн боловч өмгөөлөх бүх боломжоор хангагдсан нээлттэй шүүх хурлаар гэм буруутайг нь хуулийн дагуу тогтоох хүртэл гэт буруугүй гэж тооцогдох эрхтэй. ” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг) “Эрүүгийн хэрэгт буруутгуулж буй хэн боловч гэм буруу нь хуулийн дагуу нотлогдох хүртэл гэт буруугүйд тооцогдох эрхтэй” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 2 дахь заалт) “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ул болно.” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт) Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэх гэм буруутайг гагцхүү шүүхээр хуулийн дагуу нотолж шийтгэх тогтоол гаргасан нь хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл түүнийг гэм буруутай хэмээн тооцож нийтэд зарлахгүй хуулиас гадуур аливаа албадлага хэрэглэхгүй, гэм буруугүйн асуудлыг өөрөөр нь нотлуулахаар шаардах буюу эрүүдэн шүүхгүй байж өөрийгөө өмгөөлөх болон өмгөөлүүлэх эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломж олгон, гэм буруутай нь нотлогдсон эсэх талаар гарсан үндэслэл бүхий эргэлзээг түүнд ашигтайгаар шийдвэрлэх явдлаар илэрхийлэгдсэн эрх зүйн ойлголтыг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны гэм буруугүйд тооцох зарчим гэнэ. Гэм буруугүйн зарчим нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрхийг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хамгаалах ардчилсан зарчмуудын нэг мөн. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хангалттай нотлох баримтын үндсэн дээр уг зарчим жинхэнэ агуулгаараа хэрэгжих бүрэн боломжтой болдог. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд "Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй. Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ" гэж заасан нь байцаан шийтгэх ажиллагааны гол оролцогч нарын эрхийг хамгаалахад үр дүнтэй заалт болсон. Гэм буруугүйн зарчим нь эрүүгийн хэрэг үүсгэснээс эхлээд тухайн этгээдийн гэм буруугийн асуудал нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд үйлчилнэ.