Гомдол

Цөөнхийн бүлгийн эрх

"Цөөнхийн бүлэг" хэмээх нэрийг янз бүрийн нөхцөл байдалд болон түүхэн хөгжлийн явцад өөр өөр утгаар хэрэглэдэг. Ерөнхийдөө, нийгмийн шинжлэх ухааны салбарт, "цөөнх" гэх нэр томьёог нийгэмд цөөн байр суурь эзлэх хүмүүсийг олонхоос ялгаж үзэхэд хэрэглэдэг. "Цөөнхийн бүлэг" гэх нэр томьёо нь 20 дугаар зуунд түрэн гарч ирсэн иргэний эрх болон хамтын эрхийн тухай яригдах болсноор өргөн хэрэглэгдэх болжээ. Цөөнхийн бүлгийн гишүүдийн амьдарч буй улс орон, нийгэм тэдэнд өөр өөрөөр ханддаг. Энэхүү хандлага нь тухайн хувь хүний ололт амжилтыг эс харгалзан, цөөнхийн бүлгийн гишүүдийг хүлээж авах хувь хүний хандлагаас шууд хамааралтай бөгөөд олонх тохиолдолд ялгаварлан гадуурхалтад хүргэдэг. Социологич Луи Вирт цөөнхийн бүлгийг "бие махбодын болон соёлын онцлогоосоо болж тухайн амьдарч буй нийгэм нь тэдэнд ялгавартай, тэгш бус байдлаар хандаж, нийгэмдээ бусдаас ялгагдсан хэсэг бүлэг хүмүүс" гэж тодорхойлсон байдаг. Энэхүү тодорхойлолтод объектив болон субьектив хоёр шалгуур зэрэг багтана. Үүнд: хувь хүний бие махбодын болон биеэ авч явах шинж байдалд тулгуурлан, нийгэм тухайн хүнийг цөөнхийн бүлгийн гишүүн гэж бодитойгоор авч үздэг. Мөн цөөнхийн бүлгийн гишүүд бүлгийнхээ өвөрмөц шинж байдал, хамтын эв нэгдэл дээр тулгуурлан өөрсдийн нийгэмд эзлэх байр сууриа илэрхийлж болох ба энэ нь субьектив байдлаар илэрдэг. Нийгэм дэх ялгаа гэдэг нь нэг юм уу түүнээс дээш хувь хүний онцлог шинж дээр тулгуурласан, тухайлбал, үндэс угсаа, арьс өнгө, жендер, хөрөнгө чинээ болон хүйсийн илэрхийлэл зэрэг өвөрмөц шинжийг хэлнэ. Тухайлбал, аливаа цөөнхийн бүлэгт харьяалагдах хувь хүний бие махбодын болон биеэ авч явах байдал нь тухайн бүлгийнхээ гишүүдийн үйл байдалтай нийцэж байх бөгөөд бусад гишүүдээс түүнд хандах хандлага нь мөн адил байдаг.