“Хүн бүр ямар ч алагчлалгүйгээр адил хэмжээний хөдөлмөрт адил хэмжээний шан хөлс авах эрхтэй.”
(Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 23 дугаар зүйлийн 2 дахь заалт)
“Энэхүү Пактад оролцогч улсууд Хүн бүр хөдөлмөрийн шударга, таатай нөхцөлөөр хангагдах эрхийг хүлээн зөвшөөрөх бөгөөд (а) бүх хөдөлмөр эрхлэгчдэд цалин хөлсийг шударгаар тогтоох, аливаа ялгаваргүйгээр адил үнэлгээтэй хөдөлмөрт тэгш цалин хөлс олгох, чингэхдээ, тухайлбал, эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс доргүй хөдөлмөрлөх нөхцөлийг бий болгох, тэдний адил хөдөлмөрт нь тэгш цалин хөлс олгоно.”
(Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 7 дугаар зүйлийн 7.а.i болон 7.а.ii заалт)
Адил үр дүн бүхий ажилд адил хэмжээний цалин хөлс авах нь хөдөлмөрийн харилцааны суурь эрх бөгөөд олон улсын болон үндэсний эрх зүйгээр хүлээн зөвшөөрч хэрэгжүүлдэг. Энэхүү эрх нь "аливаа цалин хөлсний хэмжээ, түвшин нь ажиллагчийн хүйс болон хувь хүний бусад шинж чанараас шалтгаалахгүй, харин хийж гүйцэтгэсэн ажлын бодит үнэлгээнд тулгуурлана" гэсэн зарчмыг илэрхийлдэг.
Адил ажил мэргэжил, салбар, ур чадварын түвшинд хэн нэгний цалин хөлс нөгөө хүнийхээс доогуур байх нь цалин хөлсний ялгаварлан гадуурхал юм. Өөрөөр хэлбэл, энэхүү эрх нь хөдөлмөрийн харилцаанд нас, хүйс, хөгжлийн бэрхшээл зэргээр ялгаварлан гадуурхах зөрчлийг шийдвэрлэхэд чиглэдэг. Адил хөдөлмөрт адил хэмжээний цалин хөлс авах эрхийг Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 1919 оны Конвенцод анх хүлээн зөвшөөрсөн бөгөөд улмаар уг асуудлыг хөндсөн тусгай баримт бичиг болох Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Тэгш шан хөлсний тухай 1951 оны 100 дугаар Конвенц, 90 дүгээр Зөвлөмж тус тус батлагдан хэрэгжиж байна. Мөн цагийн ажлын тухай 1994 оны 175 дугаар Конвенц, 182 дугаар Зөвлөмж, Жендэрийн тэгш байдал, тэгш цалин хөлс, эхчүүдийг хамгаалах тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2004 оны Тогтоол зэрэг нь энэхүү эрхийг хангах олон улсын эрх зүйн баталгааг бүрдүүлж байна.
Статистик судалгаанаас харахад хүйсийн хооронд цалингийн ихээхэн ялгаа байдаг нь тогтоогджээ. Гэвч олонх улс оронд цалингийн ялгааг хэмжин тодорхойлох статистик аргачлал байдаггүй байна. Тиймээс адил хөдөлмөрт адил цалин хөлс олгох нь төр болон нийгмийн түншүүдийн хамтран хүлээх хариуцлага юм. Иймд адил цалин хөлсний зарчмыг хэрэгжүүлэхийн тулд ажлын байранд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгодог. Үүнд:
- Ажлын ангилал, цалингийн сүлжээ нь тухайн ажлыг хийж буй хүний хувийн шинж байдлаас үл шалтгаалсан, бодит шалгуур дээр тулгуурласан байх;
- Цалин хөлсийг тогтоохдоо цалин, шагналын сүлжээ, эрүүл мэндийн даатгал болон бусад тэтгэмжийг шалгуур болгох, өөр шаардлагагүй шинж байдал заахгүй байх;
- Цалин хөлсийг тэгш бусаар олгож буй тохиолдол бүрд залруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Ажилтнууд, ялангуяа удирдах ажилтнуудад хэн уг ажлыг хийж байгаад биш, харин хийж буй ажлын үнэ цэнд суурилан цалин хөлс олгох талаар ойлголт өгөх;
- Цагаар ажиллагчдад ажлын бүтэн өдрөөр ажиллагчидтай адил тэгш цалин хөлсийг ажилласан цагт нь дүйцүүлэн олгох зэрэг болно.