“Энэхүү пактад оролцогч улсууд Хүн бүрийн бие бялдрын болон сэтгэцийн эрүүл мэнд дээд түвшинд хүрсэн байх эрхийг хүлээн зөвшөөрнө.”
(Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 12 дугаар зүйлийн 1 дэх заалт)
“эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй... ”
(Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн б дахь заалт)
Хүн бүр хүний зэрэгтэй аз жаргалтай амьдрах болон бусад эрх, эрх чөлөөгөө эдлэхэд зайлшгүй шаардлагатай эрх бол "Бие бялдрын болон сэтгэл санааны хувьд хүрч болох дээд түвшинд эрүүл байх эрх юм. Энэхүү эрхийг Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал, Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пакт, Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, Хүүхдийн эрхийн конвенц, Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц болон бусад хүний эрхийн олон улсын хууль тогтоомжоор баталгаажуулсан байдаг.
Бие бялдрын болон сэтгэл санааны хувьд хүрч болох дээд түвшинд эрүүл байх эрхийн утга санааг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн гуравдугаар Хороо анх боловсруулан гаргахдаа ямар нэгэн өвчин зовлон болон насны доройтолгүйгээр бие бялдар, сэтгэл санааны хувьд эрүүл төгс байж, нийгэмдээ сайн сайхан амьдрах" гэсэн тодорхойлолтыг хэрэглэхээс татгалзсан байдаг. Учир нь "Бие бялдрын болон сэтгэл санааны хувьд хүрч болох дээд түвшинд эрүүл байх" гэдэг ойлголт нь хувь хүний биеийн биологийн онцлог болон нийгэм эдийн засгийн угтвар нөхцөл түүнчлэн тухайн орны нөөц боломжийн аль алинаас хамаардаг байна. Тухайлбал, улс нь хувь хүн бүрийг өвчин тусах шалтгаан болгоноос хамгаалаад байж чадахгүй.
Тэгэхээр "бие бялдрын болон сэтгэл санааны хувьд хүрч болох дээд түвшинд эрүүл байх" эрхийг Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн Хорооны 14 дүгээр зөвлөмжид дараах байдлаар тайлбарласан байна. Энэ эрх нь:
- Эрүүл мэндийн зохистой үйлчилгээгээр цаг хугацаанд нь үйлчлүүлэх, төрөл бүрийн эмчилгээний тоног төхөөрөмж, эм, эмнэлэг, үйлчилгээний нөхцөлөөр хангагдсан байх, эрүүл байх боловсрол мэдээлэл авах боломж, эрүүл мэндтэй холбоотой шийдвэрт хүн амыг оролцуулах асуудлууд багтаж байна.
- Зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах эрхээр хязгаарлагдахгүй, хүмүүсийн эрүүл амьдрах орчныг бүрдүүлэх өргөн хүрээний нийгэм, эдийн засгийн хүчин зүйлс болох эрүүл байхын угтвар нөхцөлүүд: хоол хүнс, орон байр, ундны цэвэр усаар хангагдсан байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин, аюулгүй, эрүүл Ажлын байр, хүрээлэн байгаа байгаль орчны эрүүл байгаа зэргийг оруулдаг болохыг илэрхийлсэн.
Иймд бие бялдрын болон сэтгэл санааны хувьд хүрч болох дээд түвшинд эрүүл байх эрхийг зөвхөн эрүүл байх явцуу утгаар ойлгож болохгүй. Эрүүл байх эрхэд хувь хүний эрх чөлөө болон эрх мэдэл хоёулаа багтаж байна. Эрүүл байх эрхээ эдлэх эрх чөлөөтэй байна гэдэг нь хувь хүний биеийн эрүүл мэндээ хянах, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх чөлөөгөө эдлэх, эрүү шүүлт, тохиролцоогүй эмнэлгийн үйлчилгээ, туршилт зэрэг хөндлөнгийн оролцооноос чөлөөтэй байхыг хэлнэ. Харин эрх мэдэлтэй байна гэдэг нь хүмүүсийн хүрч болох дээд түвшинд байхын тулд тэгш боломжоор хангадаг эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах эрхтэй байхыг хэлнэ.
Үүнээс үзэхэд бие бялдрын болон сэтгэл санааны хувьд хүрч болох дээд түвшинд эрүүл байх эрх нь эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжийг илэрхийлэхийн зэрэгцээ хүмүүсийн хүрэлцээтэй, хүртээмжтэй, нийцтэй, чанартай эрүүл амьдрах орчныг бүрдүүлэх, эрүүл байх нөхцөлөөр хангах асуудал юм.
Манай улсын хууль тогтоомжид энэ эрхийг шууд утгаар томьёолоогүй ч Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2-т "эрүүл, аюулгүй орчинд амьдрах", мөн зүйлийн 6-д "эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй хэмээн баталгаажуулж, Эрүүл мэндийн тухай хуульд иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангахтай холбоотой харилцааг зохицуулсан байна. Эдгээрээс үзэхэд манай улс хууль тогтоомждоо "хүрч болох дээд түвшинд эрүүл байх эрх"-ийг Эдийн засаг, нийгэм, соёлын хорооны зөвлөмжийн утга агуулгын түвшинд баталгаажуулсан байна.