“Энэхүү Пактад оролцогч улсууд Хүн бүр хөдөлмөрийн шударга, таатай нөхцөлөөр хангагдах эрхийг хүлээн зөвшөөрөх бөгөөд тухайлбал: (с) гагцхүү ажилласан хугацаа, мэргэшилд үндэслэн зохих дээд шатны ажилд дэвших адил боломжийг Хүн бүрд олгох;
(Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 7 дугаар зүйлийн 7(с) заалт)
Ажил мэргэжлийн хүрээнд тэгш боломж олгон, тэгш хандах гэдэг нь ажил мэргэжлийн хувьд албан тушаалаар болон хүйсээр ялгаварлан тусгаарлахыг таслан зогсоохыг хэлнэ. Тэгш боломж олгох, тэгш хандах асуудал нь хөдөлмөр эрхлэлт дэх тэгш байдлыг хангахад харилцан бие биеэ дэмжин нөлөөлдөг хоёр хүчин зүйл юм.
Тэгш боломж олгох гэдэг нь тухайн ажилд орохоор өргөдлөө өгөх, боловсролоо дээшлүүлэх, сургалтад суух, зарим мэргэшил эзэмших, ажиллагч гэж тооцогдох, түүнчлэн аль нэг хүйс давамгайлдаг болон бусад бүхий л ажил мэргэжилд ахиж дэвших тэгш боломжтой байна гэсэн үг юм. Харин тэгш хандах гэдэг нь цалин хөлс, Ажлын нөхцөл, баталгаатай ажил, ажил ба гэр бүлийн амьдралыг уялдуулах, нийгмийн хамгаалал зэрэгт тэгш эрх эдлэх гэсэн үг юм.
Ялгаварлан гадуурхахаас хамгаалуулах асуудал нь зөвхөн ажиллагчдад төдийгүй хувиараа хөдөлмөр эрхлэгч, үйлдвэрлэл эрхлэгч, гэр бүлд цалин хөлсгүй ажиллагч зэрэг хүмүүст ч мөн адил хамаардаг байна. Хөдөлмөр эрхлэлт дэх тэгш байдлыг хөхиүлэн дэмжих нь ялгаварлан гадуурхахыг хориглохын хамт түүнээс илүү идэвхтэй, эерэг хандлага баримтлах явдал гэж үздэг. Үүний тулд байнгын хүчин чармайлт, түүний дотор тодорхой, зохих хөрөнгө нөөц бүхий арга хэмжээ, явцын тогтмол хяналт, үнэлгээг тогтмол хийж байх шаардлагатай.