Гомдол

Хийсэндээ таарсан, хүртээмжтэй шан хөлс авах эрх

“Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч хувийн болон ам бүлийнхээ ахуй амьжиргааг хүний зэрэгтэй авч явахад хүрэлцэхүйц бөгөөд зайлшгүй тохиолдолд нийгмийн хангамжийн эх үүсвэрээр нэтэн арвижуулсан, хийсэндээ таарсан, хүртээмжтэй шан хөлс авах эрхтэй. ”  (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 23 дүгээр зүйлийн 3 дахь заалт) “Энэхүү Пактад оролцогч улсууд Хүн бүр хөдөлмөрийн шударга, таатай нөхцөлөөр хангагдах эрхийг хүлээн зөвшөөрөх бөгөөд тухайлбал: - (с) гагцхүү ажилласан хугацаа, мэргэшилд үндэслэн зохих дээд шашны ажилд дэвших адил боломжийг Хүн бүрд олгох; (Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 7 дугаар зүйлийн 1(с) заалт) “...ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй. ” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалт) Энэ эрхийн хүрээнд амьжиргаагаа хангахуйц цалин хөлс авах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тодорхойлох, ажиллагсдын нийгмийн баталгааг хангах зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хамруулсан бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлж байдаг. Цалин хөлс нь ажиллагчийн аж байдал, нийгмийн баталгааны наад захын хэм хэмжээг хангах үндсэн хэрэгсэл тул улс орнуудын хөдөлмөрийн бодлогын гол хэрэгсэл болдог. Цалин хөлсийг тогтоохдоо эрх ашиг нь хөндөгдөж буй ажил олгогч болон ажиллагчдын төлөөллийн байгууллагын аль аль нь зөвшилцөлд эрх тэгш оролцож, тогтоосон хэмжээг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн байдаг. Цалин хөлсийг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 дугаар Конвенцын 1 дүгээр зүйлийн а-д "эрхлэх ажилтай нь холбоотойгоор ажил олгогчоос ажилчинд шууд буюу шууд бусаар, мөнгөн буюу биет байдлаар олгох ердийн, үндсэн буюу доод хэмжээний цалин, эсхүл Ажлын хөлс болон бусад нэмэлт шанг хэлнэ" гэж тодорхойлжээ. Цалин хөлсний хэмжээг тогтооход ажиллагчийн болон түүний гэр бүлийн хэрэгцээ, дундаж цалин, амьжиргааны өртгийн өөрчлөлт, нийгмийн хамгааллын тэтгэмжийн хэмжээ, бусад нийгмийн бүлгүүдтэй харьцуулсан түвшин болон эдийн засгийн өсөлт, хөдөлмөрийн бүтээмж зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэх шаардлагатай байдаг. Энэ эрхийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай асуудал хамрагддаг бөгөөд энэ нь Үйлдвэрчний эвлэлд эвлэлдэн нэгдээгүй, хөдөлмөрийн мөлжлөгт өртөх эрсдэлтэй, мэргэжил, боловсролгүй ажилчдыг хамгаалах зорилготой арга хэмжээ юм. Энэ талаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох процедурын тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 26 дугаар конвенц, Хөгжиж буй орнуудад Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 131 дүгээр Конвенц, Хөгжиж буй орнуудад Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 135 дугаар зөвлөмжийг батлан гаргасан байна. Үүнд тодорхойлсноор "хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ" нь цалин хөлсний хуваарилалтын хамгийн доод хэсэгт байгаа ажилчдыг хамгаалах зорилгоор тогтоосон цалингийн бүтцийн суурь давхаргын хамгийн бага хэмжээ юм. Олон улсын нийтлэг хандлагыг үзвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй холбоотой харилцааг ихэвчлэн хуулиар зохицуулж байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүн орнуудын 90 гаруй хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоон мөрдүүлж байгаа бөгөөд энэ нь цалин хөлсний бодлогын нийтлэг хэрэгсэл болж байна. Монгол Улс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийг анх 1998 онд батлан хэрэгжүүлжээ. УИХ-аас 2010 онд уг хуулийг шинэчлэн баталсан бөгөөд түүнд тодорхойлсноор "хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ" нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтан болон ажиллагчийн ашиг сонирхлыг хуулиар хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин (хөлс)-гийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаар" ажээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох болон өөрчлөхдөө амьжиргааны өртгийн өөрчлөлт, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа, эдийн засгийн өсөлт болон хөдөлмөр эрхлэлтийн түвшин болон нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг харгалзахаар заасан байдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагийн 1142 төгрөг 85 мөнгө, сарын 192000 төгрөгөөр тогтоосон билээ. Эх сурвалж: Хүний эрхийн товч тайлбар ном, УБ 2015 он, 120 дугаар хуудас