Complaint

Боолчлол, боолын худалдаанд өртөхгүй байх эрх

“Хэнийг ч боолчлох буюу бусдын эрхшээлд байлгах ёсгүй. Аливаа төрлийн боолчлол болон боолын худалдааны бүх төрлийг хориглоно” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 4 дүгээр зүйл) “Хэнийг ч боол болгож болохгүй, аливаа төрлийн боолчлол болон боолын худалдааны бүх төрлийг хориглоно.” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 8 дугаар зүйлийн 1 дэх заалт) Хүний хувийн халдашгүй дархан байх эрхэд эн тэргүүнд заналхийлдэг аюул бол боолчлол юм. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүү шүүлтийн тусгай илтгэгч байсан Манфред Новак боолчлолыг "өөрийн ижил хүмүүсийн хувийн шинж чанар, нэр төрийг үл тоон шууд халдах замаар илрэлээ олдог хүн төрөлхтний эрх мэдлийн хамгийн ноцтой илэрхийлэл" гэж тодорхойлсон. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрэм, олон улсын гэрээнд заасны дагуу хүний үнэ цэнэ, нэр төрд чиглэсэн аливаа халдлагыг хориглосон ба шинээр бий болсон өрийн төлөөс болгох, хүүхэд эмэгтэйчүүдийг худалдаалах, мөлжих зэрэг орчин цагийн боолчлолын хэлбэрүүдийг олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс буруушаадаг. 1926 онд Үндэстнүүдийн Лигийн баталсан Боолчлолын тухай конвенцыг хожим Нэгдсэн Үндэстний Байгууллагаас баталсан 1953 оны протоколоор өргөжүүлсэн билээ. Боолчлол, боолын худалдаа бол хүн төрөлхтний нэн эртний түүхээс улбаатай ойлголт бөгөөд одоогоос 11 мянган жилийн тэртээд эзэн, боолын харилцааны үндэс тавигдсан гэж үздэг. Дэлхий дахинаа боолчлол, боолын худалдааг халахад олон жил шаардагдсан бөгөөд хамгийн сүүлд 1981 онд Мавритани Улс боолчлолыг албан ёсоор халах шийдвэр гаргаж байв. Үндэстнүүдийн Лигийн дээрх конвенцын 1 дүгээр зүйлийн дагуу боолчлол гэдэгт өмчлөх эрхийн үүднээс бусдын эрх мэдэлд байгаа хүний нөхцөл байдлыг ойлгохоор заасан байна. Тус байгууллагын хичээл зүтгэл дээр тулгуурлан, Нэгдсэн Үндэстний Байгууллага уг үзэл санааг улам дэлгэрүүлсэн гэж болно. Тухайлбал Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1949 онд Хүн худалдаалах, бусдын биеийг үнэлүүлэн мөлжихийг хориглох тухай конвенц баталж, хүн худалдаалах, биеийг үнэлүүлэх нь хүний үнэ цэнэ, нэр төртэй харшлах талаар заасан.Гэхдээ энэ баримт бичиг нь 1904 оны Цагаан боолын худалдааг зогсоох тухай олон улсын хэлцэл, 1910 оны Цагаан боолын худалдааг зогсоох тухай олон улсын конвенц, 1921 оны Эмэгтэйчүүд, хүүхдийг худалдаалахыг зогсоох тухай олон улсын конвенц, 1933 оны Бүх насны эмэгтэйчүүдийг худалдаалахыг зогсоох тухай олон улсын конвенц зэрэг өмнөх олон улсын гэрээний үзэл санааг нэгтгэн тусгасан онцлогтой. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей, Эдийн засаг, нийгмийн зөвлөлөөс боолчлолтой төстэй аливаа үйл ажиллагааг үгүйсгэн, олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс таслан зогсооход бүхий л анхаарлаа хандуулдаг. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, Эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалтын бүхий л хэлбэрийг устгах тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай конвенц зэрэг олон баримт бичигт хүн худалдаалах, эдийн засгийн болон бэлгийн зорилгоор мөлжих, албадан хөдөлмөрлүүлэх, хуурамчаар үрчлэх, хүүхдийг гэрлүүлэх, бэлэвсэн эмэгтэйг өөр хүнд дамжуулах явдлаас хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар заасан. Гэсэн хэдий ч Интерполоос хүн худалдаалах гэмт хэргийг хамгийн ашигтай олон улсын зохион байгуулалттай гэмт хэргийн нэгт тооцсон хэвээр байна. Монгол Улсын хувьд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд боолчлох, албадан хөдөлмөрийг хориглосон ба 2008 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлээс гадна 2012 онд батлагдсан Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 3, 5 дугаар зүйлд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тусгайлан зохицуулсан болно.