Гомдол

Хууль шүүхийн өмнө тэгш байх эрх

“Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ялгар ч алагчлалгүй хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. ” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 7 дугаар зүйл) “Шүүх ба тусгай шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. Хүн бүр өөрт нь тулгасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцүүлэх буюу иргэний нэхэмжлэлийн хүрээнд эрх, үүргээ тодорхойлуулахдаа хуулийн дагуу байгуулагдсан, эрх мэдэл бүхий, хараат бус, тал ул харах шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй. ” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 1 дэх заалт) “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. ” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалт) Монгол Улсын иргэд, манай улсын хуулийн нөхцөл, шаардлагыг ханган түр буюу удаан хугацаагаар оршин сууж байгаа харьяалалгүй хүн, гадаадын иргэд, түүнчлэн зорчигчийг хууль ёсоор оршин суугаа хүн гэдэгт хамруулдаг. Хууль бусаар оршин суугаа хүн гэдэгт Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчин оршин суугаа зөвхөн гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хамруулна. Хуулийн өмнө эрх тэгш байна гэдэг нь хэн боловч Монгол Улсын хуулиар хүлээсэн үүргээ адилхан биелүүлж, эрх, эрх чөлөөгөө ялгаваргүй эдэлнэ гэсэн үг юм. Гэхдээ гадаадын иргэн, харьяалалгүй хүний хувьд хүний салшгүй эрхээс бусад зарим эрх, эрх чөлөөг (тухайлбал сонгох, сонгогдох эрх гэх мэт) хуулиар хязгаарлаж болдог.