УИХ дахь Хүчирхийллийн эсрэг лобби бүлгээс “Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэгт оногдуулж буй ялын бодлого, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” хэлэлцүүлгийг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт хүүхдийн эсрэг үйлдэгдсэн бэлгийн хүчирхийлэлд оногдуулж буй ялын бодлогыг чангаруулах нь зүйтэй эсэх талаар ХЭҮК, УЕПГ, ЦЕГ, ГХУСЗ, ДХИС, Эмнести интернешнл, Нээлттэй нийгэм форум, НҮБ-ын хүүхдийн сан, Хүүхдийг ивээх сан, Шүүхийн сургалт, судалгааны хүрээлэн зэрэг холбогдох байгууллагын эрдэмтэн, судлаачид болон хүүхдийн эрхийн чиглэлээр дагнан ажилладаг өмгөөлөгч нарын санал, дүгнэлтийг сонсов.
Хэлэлцүүлгийн үеэр ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд насанд хүрээгүй хүний эсрэг гэмт хэрэг, ялангуяа бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулахын зэрэгцээ эмчилгээ, сэтгэл зүйн шинжтэй арга хэмжээг давхар хэрэглэж байж эрүүгийн хариуцлагын зорилгыг хангана гэдгийг онцлоод энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүнд цаазаар авах ял оногдуулах нь үр нөлөөгүй. Харин хувь хүн, нийгэм эдийн засгийн шалтгааныг сайтар судалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлснээр бодитой үр дүнд хүрнэ гэлээ.
Түүнчлэн цаашид бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хүнийг өршөөл уучлал, хугацаанаас өмнө тэнсэн суллах арга хэмжээнд хамруулахгүй байх, хөөн хэлэлцэх хугацааг урт хугацаагаар тогтоох, хохирогчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, цаазаар авах ялыг үл тэвчих хандлагыг олон нийт, хуульчдад түгээн дэлгэрүүлэх талаар санал илэрхийлэв.


.jpg)