НХҮЭК
“Шангри-Ла Улаанбаатар” компани Комиссын гишүүний зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг ирүүллээ

“Шангри-Ла Улаанбаатар” компани Комиссын гишүүний зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг ирүүллээ

2023.07.07 725

““Шангри-Ла Төв” болон Сэнтрал Тауэрт байрлах дэлгүүр, үйлчилгээний газраар үйлчлүүлж буй иргэдийн хувийн мэдээллийг урамшууллын оноо цуглуулах зориулалтын “S Rewards” аппликэйшнээр цуглуулж, зөвшөөрөлгүй дамжуулж байна” гэх мэдээлэл ХЭҮК-т 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ирсэн.

Уг мэдээллийн дагуу холбогдох албан тушаалтнаас өгсөн тайлбар, баримт бичиг болон эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийхэд “S Rewards” аппликэйшны мэдээлэл хариуцагч нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан найман нөхцлийг ойлгомжтой, тодорхой тайлбарласны үндсэн дээр хувийн мэдээллийг боловсруулах, цуглуулах, ашиглах мэдээллийн эзний зөвшөөрлийг авах шаардлагыг хангах, мөн үйлчилгээний нөхцлийг Монгол хэл дээр орчуулах, хүний хувийн мэдээллийг дамжуулан авах этгээд, түүний холбоо барих бүрэн мэдээлэл, дамжуулж болох мэдээллийг тодорхойлж, аппликэйшнд байршуулах зэргээр 4 үйл ажиллагааг хэрэгжүүлэх Комиссын гишүүний зөвлөмжийг 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “Шангри-Ла Улаанбаатар” ХХК-д хүргүүлсэн.

Комиссоос хүргүүлсэн зөвлөмжийн хүрээнд хийсэн ажлын тайланг “Шангри Ла Улаанбаатар” ХХК-аас хуульд заасан хугацаанд буюу 60 хоногт багтаан 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ирүүлээд байна.

Тухайлбал, холбогдох албан бичигт “S Rewards” аппликэйшнтэй холбоотой “Урамшууллын программын үйлчилгээний нөхцөл”, “Апп үйлчилгээний нөхцөл”, “Цахим ваучерын үйлчилгээний нөхцөл”, “Нууцлалын бодлого”-ыг Монгол хэл дээр орчуулж, хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах мэдээлэл хариуцагчийн утасны дугаарыг аппликэйшнд байршуулах, мөн үүнтэй холбоотой дамжуулан авах гуравдагч этгээд, түүний холбоо барих бүрэн мэдээлэл, дамжуулж болох мэдээллийг тодорхойлж, аппликэйшнд байршуулан мэдээллийн эзнээс дахин зөвшөөрөл авах үйл ажиллагаа явуулж байна зэргээр Комиссоос хүргүүлсэн Зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж буйгаа уламжилсан байна.