НХҮЭК

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн талаар сургалт, сурталчилгаа явуулахад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Бизнес ба Хүний эрх” төсөл, зөвлөх үйлчилгээний “PwC” компанитай хамтран ажиллана

2023.07.03 763

2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, дэмжих чиг үүрэг бүхий Хүний хувийн мэдээллийг хамгаалах хэлтэс (ХХМХХ) ХЭҮК-ын Тамгын газарт байгуулагдсан.

ХХМХХ-ээс хүний халдашгүй чөлөөтэй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрх, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн талаар төрийн байгууллага болон хувийн хэвшил, иргэдэд зориулсан сургалтын гарын авлага, хэрэглэгдэхүүн, сурталчилгааны контент боловсруулах, сургагч багш бэлтгэх, сургалт явуулахад “PwC” ХХК-тай хамтран ажиллана.

Ажлын хэсгийн анхдугаар уулзалтыг 2023 оны 06 дугаар сарын 29-ны өдөр зохион байгуулж, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, улмаар Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн талаарх сэдэвчилсэн цуврал сургалтыг 2023 оны 10 дугаар сараас эхлүүлэхээр товлолоо.

Хамтарсан үйл ажиллагаанд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Бизнес ба хүний эрх” төслөөс санхүү, мэргэжлийн дэмжлэг үзүүлж буйд ХЭҮК-оос талархал илэрхийлье.