НХҮЭК

“Иргэний нийгэм болон Байгаль орчны салбар дахь хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт” судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгарууллаа

2023.06.27 970

Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2023 оны 06 дугаар сарын 02-20-ны хооронд “Иргэний нийгэм болон Байгаль орчны салбар дахь хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт” сэдвээр гүйцэтгэх судалгааны ажлын сонгон шалгаруулалт зарласан.

Сонгон шалгаруулалтад “Их Баян Шарга” ТББ, “Монголын Хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ, “Хууль, эрх зүйн хөгжлийн хүрээлэн” ТББ, “Цогц хөгжлийн үндэсний төв” ТББ-аас судалгааны ажил гүйцэтгэх мэдүүлгээ ирүүлснийг хүлээн авч, судалсны үндсэн дээр “Цогц хөгжлийн үндэсний төв” ТББ-ыг тус судалгааны ажлын гүйцэтгэгчээр шалгарууллаа. 

“Цогц хөгжлийн үндэсний төв” ТББ нь 2011 онд байгуулагдсан ашгийн бус, хараат бус нийгмийн судалгаа эрхлэн явуулах, хөгжлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр 12 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй байгууллага юм.

Дээрх ажлын хүрээнд ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал нар “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн судалгааны багийн төлөөллийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар байгаль орчны хамгаалагч болон байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хүний эрх хамгаалагчдын нөхцөл байдлыг тодруулах, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, түүний үр нөлөө, хүний эрхийн зөрчил бий эсэх асуудалд анхаарал хандуулж ажиллах талаар санал солилцов.

Судлаачдын баг “Иргэний нийгэм болон Байгаль орчны салбар дахь хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт” судалгааны ажлыг 2023 оны 4 дугаар улиралд багтаан гүйцэтгэж, Комисст хүлээлгэж үүрэгтэй.