НХҮЭК
Хүний эрхийн сургагч багш нарт сертификат гардууллаа

Хүний эрхийн сургагч багш нарт сертификат гардууллаа

2023.06.09 1136

МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс Үндсэн хуулийн 30 жилийн ойн хүрээнд иргэдийн болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Үндсэн хууль, хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Үндсэн хууль манай сургуульд” төслийг хэрэгжүүлсэн.

Төслийн хүрээнд “Үндсэн хууль манай сургуульд” (НҮБ-ын хүний эрхийн хороодын ерөнхий тайлбар, сургалтын хөтөлбөр) номыг хэрэглээнд оруулж, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилсан сэргийлэх зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комисс, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтарч ерөнхий боловсролын сургуульд хүний эрхийн сургалт орох сургагч багш бэлтгэх анхны сургалтыг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр амжилттай зохион байгуулсан билээ.

Тус сургалтаас бэлтгэгдсэн сургагч багш нар Нийслэлийн ерөнхий боловсролын 14, 33, 93 дугаар сургууль, Архангай аймгийн Лаборатори 1 дүгээр сургууль, Кристина Ноблийн Хүүхдийн Сан, “Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр” болон “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын дэргэдэх Залуучуудын клубын гишүүд зэрэг нийт 188 сургагчдад хүний эрхийн талаарх хичээлийг туршилтаар заасан бөгөөд эдгээр сургагч багш нар сургагч багшийн сертификатыг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гардууллаа.

Дээрх сургагч багш нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сайн дурын үндсэн дээр Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад хүний эрхийн хичээл заах юм.

Ташрамд дурдахад, “Үндсэн хууль манай сургуульд” дээрх төслийг АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн болон Азийн сангийн хамтран хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрөөс санхүүжүүлж, УИХ-ын даргын Ажлын албаны дэмжлэгтэйгээр Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс хэрэгжүүлсэн.

"Үндсэн хууль манай сургуульд" төслийн судлаачдын бүрэлдэхүүнд

-Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, Хууль зүйн доктор Д.ГАНГАБААТАР

-Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч, Хууль зүйн доктор Ц.ЦОГТ

-Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хууль зүйн доктор Д.СҮНЖИД

-Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хууль зүйн доктор Г.НАРАНТУЯА

-Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хууль зүйн доктор Б.ЭНХБОЛД

-Монгол Улсын Их Хурлын даргын зөвлөх, Хууль зүйн магистр О.НОМИНЧИМЭГ

-МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Хууль зүйн магистр Э.ТУУЛАЙХҮҮ

-Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ахлах судлаач, Хууль зүйн доктор Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ нар ажиллалаа.