Complaint
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын хамтын ажиллагаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын хамтын ажиллагаа

2024.12.03 76
Listen

✅Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар нар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, хуулийн зөвлөх Б.Аз, Менежментийн багийн ахлах менежерийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Бүүвэйхүүг өнөөдөр /2024.12.03/ хүлээн авч уулзлаа.

✅Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болох яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хууль ёсыг сахиулах, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах замаар төрийн байгууллагын хариуцлагыг сайжруулах, шударга ёсыг сахиулах, төрийн үйлчилгээний хүртээмжтэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилго бүхий төрийн байгууллага юм.

✅Уулзалтын эхэнд Комиссын дарга Д.Сүнжид ХЭҮК-т иргэд, хуулийн этгээдээс ирүүлж буй гомдол мэдээллийг дийлэнх хувийг төрийн тэр дундаа Засгийн газрын харьяа байгууллагын үйл ажиллагаа, төрийн албан хаагчдад холбогдох асуудал эзэлдэг гэдгийг онцоллоо.

✅Түүнчлэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд төрийн тусгай алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг тусгайлан тусгаснаар УИХ-ын тогтоол батлагдсан.

✅Өөрөөр хэлбэл, хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг хангахгүйгээр хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох боломж хомс учир уг асуудалд анхаарч ажиллах нь зүйтэй гэдэг санал хэллээ.

✅Харин Засгийн газар Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр төрийн аливаа үйлчилгээ иргэдэд чанартай, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх, бизнесийн эрх чөлөөг боомилохгүй байх чиглэлд хяналт, шалгалтын зөв зохистой шийдлийг бий болгохоор ажиллаж байгааг дурдаж, төлөвлөлт, үнэлгээ, мониторингийн шинэ тогтолцоог бий болгох, салбарын хяналтын давхардлыг арилгах тал дээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэлээ.

✅Уулзалтаар хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хангах, хамгаалах зорилгоор хүний эрхийн зөрчилтэй холбоотой мэдээлэл, судалгаа, дүн шинжилгээг тогтмол солилцох, иргэн, хуулийн этгээдийн гаргасан гомдол, мэдээллийг цаг алдалгүй шийдвэрлэх, байгууллага хооронд давхардал, хийдэл үүсгэхгүй байх тал дээр анхаарах зэрэг асуудлаар хамтран ажиллахаар тохирлоо.