НХҮЭК
Эрүү шүүлтгүй Монголын төлөө зөвлөлдөх уулзалт хэлэлцүүлэг болж байна

Эрүү шүүлтгүй Монголын төлөө зөвлөлдөх уулзалт хэлэлцүүлэг болж байна

2023.06.26 668

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 1997 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор Эрүүдэн шүүх болон хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийг эсрэг конвенцын хэрэгжилтийг хангах үүднээс жил бүрийн 06 дугаар сарын 26-ны өдрийг “Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдөр” болгон тунхагласан.

Тус өдрийг тохиолдуулан эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрхийг сурталчлах зорилгоор "Эрүү шүүлтгүй Монголын төлөө" зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.06.26/ зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэгт шүүхийн байгууллага, Улсын Ерөнхий прокурор, мөрдөн байцаах алба, ШШГЕГ болон хуульч, судлаач, иргэдийн төлөөлөл оролцож байна.

Уг хэлэлцүүлэгтХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны 2022 оны тайлан”-гийн танилцуулга, ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжилсон харьцаа: Эрх зүй, нөхцөл байдал, шийдэл” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр ХЭҮК нь эрүү шүүлтийн эсрэг тэр дундаа эрүү шүүлтийн хохирогч болсон иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлд онцгойлон анхаарч ажилладаг гэдгийг цохон тэмдэглэлээ.

Ташрамд дурдахад, Монгол Улс нь Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг хуульчилж, улмаар 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн УИХ-ын тогтоолоор эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг томилсон юм.