Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна.
Энэ хүрээнд ажлын хэсгийн бүрэлдэхүүн "ОюуТолгой" ХХК-ийн ажилтнуудын Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс ангид байх эрх болон НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн зарчмын хэрэгжилтэд 2023 оны 06 дугаар сарын 19-нөөс 22-ны өдрийн хооронд хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар тус компанийн ил болон далд уурхайд ажиллаж буй ажилчдаас санал асуулга авах, бүлгийн болон ганцаарчилсан ярилцлага хийх, эрх бүхий албан тушаалтнаас тайлбар, тодруулга авах, ажлын байр болон уурхайн байгууламжийн үйл ажиллагаатай холбоотой баримт материалд дүн шинжилгээ хийсэн бөгөөд НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишрагаар ахлуулсан ажлын хэсэг ажиглагчаар ажиллалаа.
Комиссоос уурхайн ажилчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг хангах хүрээнд хийж буй дээрх хяналт шалгалт "ОюуТолгой" компанийн Улаанбаатар хот дахь төв оффиссын ажилчидтай ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийх, баримт бичигт хийх дүн шинжилгээгээр үргэлжилнэ.

ХЭҮК-ын ажлын хэсэг яг одоо Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Гашуунсухайт боомтод ажиллаж байна.
Ажлын хэсэгт Комиссын дарга Ж.Хунан, Судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Ёндонжамц, референт Б.Болорзул, Гомдол, мэдээлэл шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Комиссын тус аймаг дахь референт Г.Нарангоо, ахлах мэргэжилтэн Э.Одбаяр, Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Г.Нацаг-Эрдэнэ, мэргэжилтэн Б.Тэргэл нар ажиллаж байна.